logo
Нийслэл хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийг дэмжинэ

Нийслэл хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийг дэмжинэ

2013/02/28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны  дагуу нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах зорилтот ажлыг эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Монголын хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хотын зүгээс хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхэлдэг бизнес эрхлэгчдийг дэмжин, хууль эрх зүйн орчныг сайжруулан, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллах юм. Ингэснээр дээрх бизнес эрхлэгчдийн ажиллах нөхцөл бололцоо нэмэгдэхээс гадна иргэдийн хоггүй эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах боломж бүрдэж эхэлнэ гэж талууд үзэж байгаа юм. Одоогийн нөхцөлд жилд дунджаар иргэдийн үүсгэдэг 460,000 тонн хог хаягдлаас хоёрдогч түүхий эд буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд тэдгээрийн 7,6 хувь буюу 25800 тонныг дээрх холбоонд харъяалагддаг компаниуд дахин боловсруулалт хийж гүйцэтгэж байгаа ажээ. Тэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгалт хийж хаях, цуглуулах тогтолцоо бүрэлдээгүй байгаа учир өөрсдөө хог хаягдлаа тээвэрлэн, сайн дураараа ангилан ялгадаг байна. Энэ ажлыг Нарангийн энгэрт 200-гаад иргэн хийдэг бол нийслэл хотод 240 гаруй иргэн жижиг ТҮЦ маягийн байруудад түүхий эдийг хүлээн авч ажилладаг гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш