Төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг цонхоор хүргэнэ гэж нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийж эхлүүлээд байгаа бөгөөд, нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа нэг цэгийн үйлчилгээний зарчим, үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгөхөөр Бүгд Найрамдах Гүрж Улсын зөвлөх багийнхан нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн байна. Тус улс нь барилгын зөвшөөрлийг хамгийн хурдан, чирэгдэлгүй олгодог гэдгээрээ Дэлхийн банкны гаргасан судалгаагаар 185 орноос 3-т бичигддэг байна. Харин манай орны хувьд энэхүү судалгаагаар 185 орноос 121 дүгээрт жагссан байна. Энэхүү зөвлөх багийхан нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэлтсийн дарга нар болон, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харъяа агентлагийн дарга нарт Гүрж улсдаа хэрэгжүүлж амжилт олсон туршлагаасаа хуваалцлаа. Гүрж улсын зөвлөх Нино Шарашенз “Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх нь" сэдэвт илтгэлдээ жишээ болгож, барилгын зөвшөөрөл олгох шат дамжлага олон, төвөгтэй, удаан байх тусмаа зөвшөөрөлгүйгээр барилга барих явдал нэмэгддэг. Тиймээс манай улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж аль болох хурдан хугацаанд иргэдээс ирүүлсэн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажилласан юм. Одоогийн байдлаар манай улс зөвхөн барилга барих зөвшөөрлийг олгохдоо 9 шат дамжлагаар 74 хоногийн хугацаанд шийдвэрлэж байгаа юм. Харин Монгол улсад нийтдээ 19 шат дамжлагаар ойролцоогоор 208 хоногийн хугацаанд барилга эхлүүлэх зөвшөөрөл олгож байна. Энэ нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд ихээхэн саад болж байгаа нэг томоохон хүчин зүйл гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн тэдний туршлагаар мэдээллийн сангаа олон нийтэд нээлттэй ил тод байлгаж, цахимжуулах нь төрийн үйлчилгээг авах иргэдэд илүү хялбар байдаг нь тодорхой болжээ. Улаанбаатар хотын хувьд барилга барих зөвшөөрөл авах 19 шат дамжлагыг 6 хүртэл бууруулах боломж байгааг тэрээр мөн хэлсэн юм. Гэхдээ хамгийн эхлээд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн зургийг бүрэн утгаар нь хийж дуусгаж, энэхүү зургаа олон нийтэд нээлттэй болгох, байгууллага хоорондын цахим мэдээллийн системтэй болохоос гадна цахимаар хүсэлт гаргах ажлыг нэвтрүүлэх зэргийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.