logo
Сайд Л.Болд Соёл, иргэншлийн холбооны чуулганд оролцож байна

Сайд Л.Болд Соёл, иргэншлийн холбооны чуулганд оролцож байна

2013/03/01
НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалт энэ сарын 26-нд Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй уг чуулганаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн, Катар Улсын Эмир, Австри, Румын, Македон Улсын Ерөнхийлөгч, Түркийн Ерөнхий сайд, Казахстаны Парламентын дарга, Австри, Бразил, Испани, Индонези зэрэг 36 орны Гадаад харилцааны сайд, 7 олон улсын байгууллагын тэргүүтэй өндөр дээд түвшний төлөөлөгчдөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, шашны төлөөлөл, залуучуудын нийт 1000 гаруй төлөөлөгчид цуглаж, шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэх, чингэхдээ олон ургальч үзлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд Австрийн дэд Канцлер, Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэртэй албан ёсны уулзалт хийлээ.

Сайд нар энэ жил Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэ хүрээнд тодорхой үр өгөөжтэй арга хэмжээ, ажлуудыг зохион байгуулахаар хоёр тал төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндөж ярилцав.

Түүнчлэн манай Далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, манай залуу дипломатуудыг Венийн Дипломатын академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах боломжтойг австрийн тал илэрхийлжээ. Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд Австрийн дэд Канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэрийг Монгол Улсад айлчилж, АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урив. Үүнээс гадна сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Жеремич, Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ж.Асселборн, Арменийн Гадаад харилцааны сайд Э.Налбандиан, Мороккын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд С.Отмани нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, чуулга уулзалтаар хөндөгдөж буй асуудлын талаар санал солилцсоны дээр АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урьжээ.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Венийн Дипломатын академид зочилж, захирал Ханс Винклэртэй уулзаж, ярилцав. Монгол Улсын ГХЯ-ны дэргэд Дипломатын академи байгуулахаар зорьж байгааг сайд Л.Болд илэрхийлж, түүнийг бодит ажил болгоход Венийн Дипломатын академитай хамтран ажиллаж,  тодорхой төсөл хэрэгжүүлэх, тухайлбал, туршлага судлах, боловсон хүчнээ сургах чиглэлээр санал ажиллах тавив. Х.Винклэр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид дурдсан чиглэлээр боломж бололцоог эрэлхийлэхээр болов. Венийн Дипломатын академи нь анх 1754 онд анх байгуулагдсан дэлхийн ууган олон улсын харилцааны академи бөгөөд тус академитай ГХЯ хамтран ажиллах нь дипломат албаны чадавхийг бэхжүүлэх, олон улсын харилцааны чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэхэд чухал тулгуур болох ажээ.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд улс төр, эдийн засгийн чиглэлээр ажилладаг Австрийн өдөр тутмын “Der Standard” сонинд ярилцлага өгч, Монгол, Австрийн харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагаа болон өнгөрсөн жил манай улс ЕАБХАБ-ын гишүүн болсонтой холбогдуулан цаашид тавих зорилтуудын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

2 дугаар сарын 28-ны өдөр манай улс Австри болон Испани Улстай хамтран “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулах бөгөөд Гадаад харилцааны сайд оролцож, үг хэлэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш