logo
Хүнсний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2013/03/01

УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль  өнөөдрөөс буюу  гуравдугаар 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан хүнс экспортлогчдод тавигдах шаардлага, энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн оролцоо дэмжлэг, хүнс үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлагыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас та бүхэнд хүргэж байна.

Хүнс экспортлогчдод тавигдах шаардлага

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хүнсийг экспортлоно. Хүнс экспортлогч нь өөрийн үйл ажиллагааныхаа талаар харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад мэдээлнэ. Стратегийн хүнсийг (малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) экспортлоход Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн стратегийн хүнс экспортолсон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс дөчин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого болон хүнсийг хураана.

Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хуулийн дагуу гүйцэтгэнэ. Хүнс экспортлогч нь өөрт хамаарах хүнсний сүлжээний үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход тавигдах шаардлагыг зөрчсөн экспортлогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хүнсийг хураана.

Хуулийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн дэмжлэг

Хэрэглэгч нь хуульд заасан хүрээ, хязгаарын дотор хүнсний аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавих эрхтэй. Хэрэглэгч нь хүнсний хяналтын байгууллагад хандаж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн нэгдсэн сангаас мэдээлэл авах эрхтэй. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болон хүнсний хяналтын байгууллага нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд энэ тухайгаа нэн даруй хэрэглэгчид мэдэгдэнэ.

Хэрэглэгч нь гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй. Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, бэлтгэх, боловсруулах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд хэвшүүлэх үүрэгтэй. Нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмших үүрэгтэй.

Хүнс үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлага

Хүнс үйлдвэрлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хуулийн өмнө бүрэн хариуцана. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүнс үйлдвэрлэгч нь өөрийн үйл ажиллагааныхаа талаар харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналтын байгууллагад журмын дагуу мэдээлж, өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ. Хуульд заасны дагуу мэдээлээгүй болон зөвшөөрөл аваагүй иргэн, хуулийн этгээдийг 3-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, үйл ажиллагааг нь зогсооно.

Хүнс үйлдвэрлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран хөдөө аж ахуйн зохистой дадал, хүнсний эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлнэ. Хүнс үйлдвэрлэгч нь өөрийн үйлдвэрлэлд тавигдах зохистой дадлын шаардлагыг зөрчсөн тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Эрсдэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүний (мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нярай, бага насны хүүхдэд зориулсан хүнс) үйлдвэрлэл эрхлэгч нь журмын дагуу урьдчилсан хяналт шалгалтад хамрагдаж, дүгнэлт гаргуулна. Хүнс үйлдвэрлэгч нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зураасан кодыг хэрэглэж, сав баглаа боодлын шошгон дээр нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар,үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээлллийг тусгана. Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, уг хугацааг өөрчлөн засварласан иргэн, хуулийн этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана.

Хүнс үйлдвэрлэгч нь баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологийг ашиглан үйлдвэрлэсэн хүнсээ хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ. Тухайн жилд батлагдсан жагсаалтад ороогүй пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглох бөгөөд зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Өөрийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж тогтоовол өөрийн санаачлагаар хүнсний сүлжээнээс шууд буцаан авах, хяналтын байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд эргүүлэн татан авч, хяналтын байгууллагаас тодорхой шийдвэр гарах хүртэл хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан он, сар, өдрийг тэмдэглэн тухайн бүтээгдэхүүнээ тусгаарлан битүүмжилж хадгална.

Буцаан болон татан авалтыг хуулийн хүрээнд хийгээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана. Устгахаар шийдвэрлэсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулсан иргэн, хуулийн этгээд, албан тушаалтныг 6-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана.

Хуульд заасан заалтуудыг удаа дараалан зөрчсөн этгээдийн үйл ажиллагааг нь зогсоох буюу зөвшөөрлийг хүчингүй болгох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш