logo
Уушигны тортгийг Уулаар соруулахуй

Уушигны тортгийг Уулаар соруулахуй

2013/03/01
Хараад байхад Спирт үү, Спорт уу гэсэн асуулт нь хувь хүний тал дээр яг л бурхан, чөтгөр хоёр шиг “орших уу, эс орших уу”-гийн бэлгэ тэмдэг юм шиг ээ. Тиймээс спортыг бурхантай, спиртыг чөтгөртэй адилтган авч үзэж болох юм. Спиртны замд орсон хүнд донтох, тохируулж хэрэглэх гэсэн хоёр жим бий. Харин спортод тоо томшгүй олон зам, жим, харгуй байдаг билээ. Тиймээс хүн бүр өөрийн хүсэл сонирхол, бие бялдарт тохирсон спортоор хичээллэх нь наанадаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, цаанадаж эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Спорт гэхээр л хүнд хэцүү, хатуу чанга дэглэм дор бэлтгэл сургуулиалт хийдэг, цаг зав шаардсан, өндөр өртөгтэй зүйл хэмээн үзэх нь буруу юм. Хүн ямарч спортын төрлөөр хичээллэж болно. Гагцхүү мэргэжлийн тамирчин болж Олимпийн алтан медалийн төлөө өрсөлдөх үү, сонирхогчийн түвшинд дасгал сургуулиалт хийж, эрүүл чийрэг бие бялдар, ялан дийлэх чадвартай нэгэн болох уу гэдэг нь л чухал. Төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажилтан гээд л бүх хүмүүс амралтын өдрүүдээрээ хичээллэх боломжтой, манай орны байгаль, эрс тэс уур амьсгал, хүмүүсийн цаг заванд төгс зохицсон спортын төрлүүд цөөнгүй байдаг. Эдгээрээс хамгийн зугаатай хэрнээ басхүү хүний эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг шалгадаг төрөл бол уулын аялал юм. Улаанбаатар хотын иргэд өвөлдөө 178 мянган яндангаас гарч байгаа нүүрсний утаа, 365 мянган автомашинаас ялгардаг нүүрс хүчлийн хий, өөр олон төрлийн хорт бодисоор өдөр шөнөгүй амьсгалж байна. Тиймээс амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгөө хүчил төрөгчөөр баялаг шилмүүст ой дундуур уулын оргил өөд аялал хийх нь утааны асуудал нь гамшгийн түвшинд хүрээд байгаа Улаанбаатар хотын залуусын эрүүл мэнд, цаашлаад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд өндөр ач холбогдолтой зүйл юм. Энэхүү спортын төрөл сүүлийн жилүүдэд олныг ихээр хамрах болсон бөгөөд цахим ертөнцөд хүсэл зорилгоороо нэгдсэн залуус амралтын өдрүүдээрээ эвлэлдэн нэгдэж Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү долоо хоног бүр аялдаг болжээ. Тиймээс мөхөс бичигч би амралтын өдрүүдээрээ эдгээр залуустай хамт уулаар аялж, уушгаа аврахыг ихээр хүсэмжлэх болсон юм. Судлаад үзэхэд уулын аялал нь манайх шиг агаарын бохирдолтой улсад туйлын хэрэгтэй спорт ажээ. Уулын орой дээр гараад, эргэн бууж ирэхэд хүний уушиг бүрэн цэвэршдэг талаар ч эмч нар судалгаагаар нотолсон байх юм. Манайд уулын аялал зохион байгуулдаг клуб, Фэйсбүүк группүүд цөөнгүй байх аж. Хэдийгээр залуус ууланд авчирч уушгаа аврахыг хүсдэг ч хаана, хэнд хандах, юу бэлтгэх шаардлагатайг тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубын талаар спиртнээс татгалзаж, спортоор хичээллэгч залуустаа мэдээлэл хүргэхээр зорьсон юм. Монголд хамгийн анх байгуулагдсан уулын аялалын клубыг “Монгол Хайкин” гэж нэрийднэ. Тус клубыг дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оройд эх орныхоо далбайг мандуулсан Хүний их эмч, доктор Л.Баярсайхан 2006 онд үүсгэн байгуулжээ. Тус клуб долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр(ихэвчлэн ням гаригт) Богд Хан уул, Горхи Тэрэлжийн уулаар жил тойрон аялдаг бөгөөд нэг удаагийн аялалд дунджаар 50-60 хүн оролцдог байна. Уулаар аялмаар санагдсан ч ганцаараа танихгүй хүмүүстэй юугаа хийхэв гэж бодож байгаа хүмүүс олон бий. Гэвч энэ бол огтоос асуудал биш аж. “Монгол Хайкин”-ыхан уулаар аялах хүсэлтэй хэнийг ч алган дээрээ тосоод л авдаг найрсаг хамт олон болохыг тэдэнтэй хамт аялж байсан залуусын сэтгэгдлээс хангалттай харж болно. Хайкин гэдэг нь уулын аялал гэсэн утгатай бөгөөд хүн хоёр хөл дээрээ явж эхэлсэн үед хамаарагдах хамгийн эртний спорт юм. Гэхдээ хэдийнээс хүн таашаал авахын тулд аялж эхэлсэн нь тодорхойгүй билээ. Уулын аялагчид өөрсдийгөө хайкерууд гэж нэрлэнэ. Тэдэнтэй нэгдэхэд тун амархан. Хайкерууд аялах газраасаа хамаарч Драмын театр юм уу 120 мянгатад байдаг “Жетро” дэлгүүрийн урд цуглана. Ингэхдээ уулаар аялахаар ирсэн хэнийг ч “Бидэнтэй цуг алхаад үз, дараагаас нь чи ууланд дурлаж эхлэнэ дээ” гэж эелдгээр угтаж авдаг аж. Яагаад заавал уулын аялал гэж асуух хүн гарч магад. Цанын бааз, фитнесст явах нь хэдийгээр зугаатай, эрүүл мэндэд тустай ч хүн бүрийн санхүүгийн эрх чөлөө харилцан адилгүй байдаг учраас тэр бүр хичээллэх боломжгүй байдаг. Тэгвэл уулын аялал танд зугаатай, эрүүл мэндэд тустай хэрнээ төлбөргүй нөхцлийг санал болгоно. “Монгол Хайкин”-ы хайкеруудтай гуравхан удаа хамт аялаад л клубын гишүүн болох эрхтэй. Ингэхдээ клубт ямар нэгэн мөнгө төлөх шаардлагагүй бөгөөд унааныхаа мөнгийг л өөрөө гаргадаг аж. Харин жинхэнэ гишүүн болсныхоо дараа жилд нэг удаа оюутнууд 10 мянга, бусад хүмүүс 30 мянган төгрөгний хураамж төлдөг аж. Хураамж ч гэж дээ хуримтлуулсан мөнгөө хайкеруудынхаа унааны зардал болон хүмүүнлэгийн хандив тусламжид зарцуулдаг бөгөөд санхүүгийн тайлан нь гишүүн бүрт нээлттэй байдаг гэнэ. Ингэхээр төлбөргүйгээс ямар ялгаа байхав.  Харин ч эрүүл мэнддээ, чөлөөт цагтаа, цаашлаад олон хүмүүст буяны гараа сунгаж байгаа хэрэг шүү дээ. Үүнээс гадна клубын гишүүдийн дунд оюутан, багш, дарга, ажилтан гээд л бүх салбарын хүмүүс байх бөгөөд танилын хүрээ ч ёстой нэг талийж өгдөг бололтой юм. Хайкерууд зүгээр л зугаалаад байдаг хүмүүс биш. Аялалынхаа замд амсхийх зуураа хөгжөөнт тоглоом тоглож,  зарим нэгэн ухвар мөчид хүмүүсийн тарьсан хогийг замдаа таарвал цүнхлээд л явчихдаг аж. Хүрэх газраа очсоныхоо дараа гэртээ бэлдэж ирсэн хоолоороо бие биенээ дайлж, бүр тамхи татсан нэгнийгээ 1000 төгрөгөөр торгодог гэнэ шүү. Ууланд аялахад хамгийн чухал зүйл нь гутал байдаг аж. Ямар ч хад чулуун дээр гишгэсэн хөлийн ул өвтгөхгүй хатуу ултай, шагай хамгаалж, үений хөдөлгөөн дэмжсэн, чийг татдаггүй байх ёстой бөгөөд тус шаардлагыг хангасан хөлд таарсан гутал бага ядрааж, бэртэл гэмтлээс хамгаалдаг байна. Уулын аялал нь эрсдэлтэй спорт учраас хайкерууд хувийн аюулгүй байдлаа өөрсдөө бүрэн хариуцдаг. Тиймээс үүсч болох эрсдэлийг тооцоолж, болгоомжтой аялах хэрэгтэй. Хэрэв та уулын аялалд гарахаар шийдсэн бол яг одооноос эхлэн гэр лүүгээ орохдоо лифтээр биш шатаар гарч, гадаа дулаарч байгаа учраас ойр зуурын ажлаа алхаж очоод амжуулахыг бодоорой. Энэ нь зүгээр ч үгүй Хайкины өмнөх бэлтгэл болдог гэнэ. (“Монгол Хайкин” клубтэй нэгдэхийг хүсвэл www.facebook.com/pages/Mongol-Hiking-Club цахим хуудсаар хандаарай)  Энэ мэтчилэн “Монгол Хайкин” клубтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон клубууд бий. Тухайлбал “УБ Хайкин”(www.facebook.com/UbHikingClub), “Хелти” клубуудыг нэрлэж болно. “УБ Хайкин” клуб байгуулагдаад төдийлөн удаагаагүй бөгөөд илүү экстрим талын аялал зохиодог. Тиймдээ ч тус клубт өөрийн хүч чадлын хэмжээний дээд хязгаарыг мэдэх гэсэн  залуус байдаг аж. Харин “Хелти” клубт ихэвчлэн 50-иас дээш насны хүмүүс байдаг бөгөөд бидний эцэг эхчүүдэд илүү тохиромжтой. Гэхдээ сураг сонсох нь ээ “Хелти”-гийнхэн залуус биднээс дутахааргүй алхдаг юм гэнэ лээ. Архины хор уршиг, үр нөлөөг жигшсэн суртал ухуулга телевиз, радио, сонин гээд л олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдээр хангалттай биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд цацагддаг. Харин үүнээс дутахааргүй ач холбогдолтой биеийн тамир спорт, эрүүл мэндтэй холбоотой уриалга хангалттай гардаггүй нь харамсалтай. Тиймээс спирт, спорт хоёрын ялгааг гаргаж олон нийтэд таниулах нь илүү үр дүн авчирна. Амралтын өдрүүдэд буйдангийн мухарт, зурагт ширтэн сууснаас ажлынхаа стрессийг аглаг ойд, цэнгэг агаарт аялан тайлбал үнэхээр догь. Уншигчид та бүхэнтэй өөрийн биеэр уулын аялалд явсан тухай тэмдэглэлтэй эргэн уулзахаа амлаж байна. Харин та бүхэн уушгаа аварч, ууланд аялж оролцоход бэлэн үү?

С.Батхуяг
  

                    

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш