Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр бөөрний Гемодиализ эмчилгээний тасаг нээгдлээ. Нээлтийн ёслолын үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Төмөр-Очир Эрүүл мэндийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 тоот тушаалын дагуу тус эмнэлэг дээр Гемодиализ эмчилгээний тасгийг нээн ажиллуулах болсонд талархаж буйгаа илэрхийлээд, 24 мянган доллараар ус цэвэршүүлэх систем, сэлбэг хэрэгсэлд 11 мянган долларын буцалтгүй тусламжийг Туул ротари клубээс өгч, мөн тасгийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай урсгал зардал, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх 200 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж байгааг баяртайгаар мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Гемодиализ эмчилгээний 5 ор бүхий тасаг нээгдэж байгаа нь Монгол улсын бөөр судлал, бөөрний өвчтэй хүмүүс үзүүлж буй эмнэлгийн тусламжид гарч буй ахиц гэдгийг дурдаад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон хэлэв. Тус тасаг нээгдсэнээр иргэдэд хурдан шуурхай үйлчилж, үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, тасгийн хамт олонд болон хөрөнгө оруулсан нийт хамт олонд талархал илэрхийллээ. Монгол улс эрс тэс уур амьсгалтай тул бөөрний өвчлөл ихтэй, уг өвчлөл нь хожуу оношлогдож бөөрний дутагдалд орох нь их байдаг, тэрбээр эрүүл мэндийн сайдад гемодиализ эмчилгээнд орох хүсэлт бүхий өргөдөл өдөрт 3-5 ирдгийг дурдав. Цаашдаа улсын хэмжээний Гемодиализын төв эмнэлгийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагаа Сайд хэлсэн юм.
Тус тасагт төслийн буцалтгүй тусламжаар Гемодиализын аппарат болон ус нэрэгч аппарат түүний дагалдах хэрэгслүүд бүрэн хангагдаж, маргаашнаас эхлэн үйлчилгээгээ эхэлснээр гемодиализын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах, тасгийн эмч, мэргэжилтнүүд гадаадын болон дотоодын сургалтад бүрэн хамрагдаж мэргэшсэн тул боловсон хүчнээр хангагджээ. Тайваны үндэсний их сургууль, Туул Ротари клуб, Авико эмийн үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализын тасгийн хамт олонд цаашдаа ч мөн хамтран ажиллана гэдгээ тус тасгийн эмч, мэргэжилтнүүд хэлээд энэхүү ажлын үр дүнд олон хүн эмчлэгдэж, урт удаан амьдрах итгэлийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.