Хууль зүйн яамнаас зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба хохирогчийн эрхийн хамгаалал” зөвлөлдөх уулзалт өнөөдөр 13,00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Уулзалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хүчин, хүний наймаа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар зөвлөлдөх юм.
Нийгмийг цочирдуулсан дээрх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаанаас харагдаж байгаа. Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2010-2012 онд нийт 60111 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүчингийн гэмт хэрэг гурван хувийг нь эзэлж байна. 2010 онд л гэхэд бага насны 47 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байна. Харин арван гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс үйлджээ. Мөн сүүлийн арван жилийн дунджаас үзэхэд жилд 350 орчим хүчингий гэмт хэрэг бүртгэгдсэн. Хохирогчдыг насны хувьд ангилвал 0-17 хүртэлх 60, 18-35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй энэ гэмт хэргийн хохирогч болсон байна.