УИХ-ын даргын гаргасан 26 тоот захирамжийн дагуу байгуулагдсан Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр /2013.03.01/ анхны хуралдаанаа хийлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн боловсруулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа ахлаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа иргэдээс санал авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн дэвшилттэй заалтуудыг оруулсан. Тиймээс эдгээр заалтуудыг оруулах тухай саналаа ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гишүүдэд танилцууллаа. Мөн хуулийн төсөлд нэр дэвшигчид шашны зан үйлийг ашиглах эсэх талаар тодорхой заалт оруулах шаардлагатай байгааг хэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нэгтгэх хуулиудынхаа ижил төстэй болон зөрчилтэй заалтуудын жагсаалт гаргах техникийн ажлын хэсэг байгуулах санал гаргасан нь дэмжигдсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ, “Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал хууль учир бодлогын чанартай асуудал дээрээ анхаарах нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг шинэчлэх, иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцдог болгох хэрэгтэй” гэлээ.
“УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Улс төрийн намуудын талаарх хуулийн төслийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгүүд мөн байгуулагдсан байгаа. Эдгээр ажлын хэсгүүдтэй уялдаатай ажиллаж, мэдээлэл солилцох хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцвэл ямар вэ. Үүний дараагаар тогтолцооны асуудлаа шийдэх хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн А.Бакей хэлэв.
Ингээд хуралдаанаар техникийн ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулахаар боллоо.
Л.Жаргалмаа