УИХ-ын гишүүн А.Бакейтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар Тамгын газрын бүтцийг сайжруулах талаар хэлэлцсэн. УИХ-ын Тамгын газрын бүтцийг ямар байдлаар сайжруулах юм бэ?
-УИХ-ын Тамгын газар бол холбогдох хуулийн дагуу УИХ болоод гишүүдэд үйлчлэх чиг үүрэг бүхий том байгууллага юм. УИХ-ын Тамгын газрын одоогийн бүтцийг 2008 онд баталсан. Одоогийн байдлаар Тамгын газарт Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын ажлын хэсэг гээд 227 хүн ажиллаж байна. Энэ бүтцийг зайлшгүй өөрчлөх хэрэг гарсан. Яагаад гэвэл, Тамгын газрын ажилтнуудын ачаалал жигд бус. Цаг ашиглалтын хувьд дутагдалтай байсан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд Тамгын газрын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл сонсоод дүгнэлт гаргасан. Байнгын хороодын дарга нар мөн адил тодорхой санал боловсруулж УИХ-ын даргад танилцуулсан. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар Тамгын газрын шинэ бүтцийг хэлэлцлээ. Хуулиар Тамгын газрын бүтцийг дарга нь өөрөө батлах ёстой юм байна. Гэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байнгын хорооны дарга нар, намын бүлгүүдийн дарга нар байдаг учраас тэдний саналыг тусгасны үндсэн дээр өргөн барьсан бүтцийг нь сайшааж батлах нь зүйтэй гэж үзсэн. Шинэлэг зүйл юу байна вэ гэхээр байнгын хороо найдвартай ажиллагаатай байж гэмээн парламентын үйл ажиллагаа сайн байдаг. Гэтэл одоогийн байдлаар төдийлөн бэхжээгүй, Тамгын газрын нүсэр бүтэц нь байнгын хороотой төдийлөн наалдаагүй, хурлын үйл ажиллагаанд оролцох оролцоо нь төдийлөн хангалттай бус байсан. Тиймээс байнгын хорооны ажлын албыг бэхжүүлэх, байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийг мэргэшсэн зөвлөхүүдтэй байлгах талаар тусгаж өгч байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны талаар хэлэлцэж байвал тэр талын зөвлөхтэй байхын зэрэгцээ хуулийн талаас нь нягт нямай харж туслах үүрэг бүхий хүнийг томилох юм.
-УИХ-аас гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэх нь бий. Үүнийг сайжруулахын тулд яах вэ?
-УИХ-аас гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь үнэн. Тиймээс УИХ-ын Тамгын газарт хяналт, үнэлгээний хэлтсийг шинээр байгуулахаар болж байгаа. Түүнчлэн Мэдээлэл, технологийн хэлтсийг байгуулах зэрэг шинэ зохион байгуулалтыг хийхээр болж байна.
-Шинээр бүрдсэн УИХ анхныхаа намрын чуулганыг хийгээд завсарлалаа. Сөрөг хүчний зүгээс намрын чуулганаар баталсан хуулиудыг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн, ардчилсан зарчмаас хазайсан гэж дүгнэж байгаа?
-УИХ-аас баталж байгаа хууль тогтоомж шийдвэрийг тухайн чуулганд оролцож байгаа мандат авсан гишүүдийн олонхиор шийдвэр гаргаж баталж байгаа шүү дээ. Тиймээс гишүүдийн олонхиор баталсан хуулийг хойно нь энэ нь буруу, тэр нь ч зөв гэж хэлэхээс илүү хэрэгжүүлэх тал дээр нь анхаарал хандуулж ажиллах ёстой шүү дээ. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүний үндсэн гол хоёр үүрэг нь хууль батлах, хэрэгжүүлэхэд хяналт тавих шүү дээ. Тиймээс үүнийг батлуулчихаад энэ бол тодорхой хүчний эрх ашигт нийцсэн хууль болсон гэж ярих нь ёс зүйн талаасаа буруу гэж бодож байна. Улс төр хийх маягаар ингэж ярьж байгаа бол маш буруу. Яагаад гэвэл, хуулин дээр улс төр ярих нь зохимжгүй асуудал. Харин өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол хууль дээдлэх зарчим алдагдаж байна шүү дээ. Тэрнээсээ болоод хариуцлагагүй байдал бий болж байна. Нэгэнт хариуцлагагүй байдал бий болж байгаа учраас бүх төвшинд төрийн ажил цалгардаж байна. Тийм байхад хууль тогтоох дээд байгууллагад ард түмний саналыг аваад гарч ирсэн УИХ-ын гишүүн бол батлах үедээ хэлэх үгээ сайн хэлэх хэрэгтэй шүү дээ.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталсан. Үүн дотроос нэн тэргүүнд Газрын тухай багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй байх. Тийм үү?
-Үндсэндээ хаврын чуулганаар Газрын тухай хуулийг хэлэлцэж батална. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн суурь хүч нь газар шүү дээ. Газрын харилцаанд орж байгаа субьектүүдийн үүрэг хариуцлага төдийлөн тодорхой биш. Үүнээс шалтгаалаад газар эзэмших, ашиглах, өмчлөх харилцаанд маш олон зөрчил гарч байгаа. Зарим мэдээлэлд ойрхон нь хамгийн сайн газрыг нь авчихдаг. Бас авилгалын асуудал үүсч байгаа шүү дээ. Хот төлөвлөлтийн замбараагүй байдал газраас үүдэлтэй. Тиймээс Газрын багц хуулийг ирэх хаврын чуулганд нэлээд нухацтай хэлэлцэж, батлах ёстой юм. Завсарлагааны хугацаанд холбогдох ажлын хэсгүүд орон нутгаар явж иргэдийн саналыг сонссоны үндсэн дээр энэ хуулийн төсөлд тусгана гэж үзэж байгаа. Дараагийн нэг асуудал бол бүтээн байгуулалтын асуудал. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөр УИХ-аар батлагдана. Үүний зэрэгцээ пондын эх үүсвэрээр санхүүжиж байгаа хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих, хэрэгжилтийг нь хэлэлцэх зэрэг асуудал давхар хэлэлцэгдээд явна.
-Газрын тухай багц хуулинд Л.Болд, Ц.Оюунгэрэл гишүүдийн санаачилсан газрыг иргэдэд сугалаа сугалуулж өгдөг байх санал явж байгаа шүү дээ. Энэ хэр зөв санал вэ. Гишүүд дэмжиж байгаа юу?
-Ер нь бол Иргэдэд газар өмчлөх тухай хууль 2003 онд батлагдсан. Түүнээс хойш өдий хүртэл Монгол Улсын иргэдийн 6-7 хувь нь газар өмчилсөн гэдэг мэдээлэл байдаг юм билээ. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Тэгэхээр энэ юу харуулаад байна вэ гэхээр хууль нь сайн хэрэгжихгүй байна гэсэн үг. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэх явцад маш их алдаа гарч байгаа юм. Тухайлбал, газар өмчлөхөөр очиход маш их хүнд суртал, танил талгүй бол газар өмчлөхөд хэцүү, хээл хахуул гээд бэрхшээлээс нь болоод иргэд газраа өмчилж авахад хүндрэл учирч байгаа. Тиймээс Л.Болд, Ц.Оюунгэрэл гишүүн нарын өргөн барьсан хууль иргэн газар өмчилхөд механизм нь байхгүй байна гэж үзсэн байна л даа. Тэр механизм нь сертификат эзэмшүүлэх замаар үнэт цаас гаргаж тэрүүгээрээ баталгаажсан газрыг эргэлтэнд оруулья гэсэн үзэл баримтлал өргөн барьсан байна билээ. Мэдээж үүнийг хэлэлцэх явцдаа гишүүд санаа, оноогоо хэлж сайжруулах тал дээр нь анхаарах байх. Энэ хуулийг нэлээд олон талаас нь судалж шинжилж байж гаргах ёстой. Мэдээж тэдгээр гишүүдийн өргөн барьсан хууль шууд батлагдаад явна гэж хэлэхгүй л дээ.
-УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх үед хууль санаачлагч нь татсан. Энэ хуулийг дахин УИХ-аар хэлэлцэх боломжтой юу?
-Ямар нэгэн хуулийг хэлэлцэх явцад татах нь байдаг л үзэгдэл. Үүнээс болж буруу, зөрүү зүйл боллоо гэж хэлэх нь илүүц. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн бариад тэрийг нь УИХ анхны хэлэлцүүлэг явах хүртлээ хэлэлцсэн нь ахиц дэвшил боллоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ том салбарыг зохицуулж байгаа хууль нь хэдхэн өгүүлбэрээс бүрдсэн ганцхан хуудас бүхий хууль байгаа шүү дээ. Харин хэвлэл мэдээллийн салбар асар хөгжсөн, зах зээлд өрсөлдөөн бий болсон. Энэ явцад эерэг, сөрөг олон хандлага бий болж байгаа. Өөрөөр хэлбэл, сөрөг хандлагыг нь зохицуулах харилцаа үгүйлэгдэж байгаа юм. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх явцад маш олон санаа оноо гарсан. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ олон санаа оноог бүгдийг нь нэгтгэсэн байгаа. Тодорхой хугацааны дараа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дахин өргөн барья гэсэн саналтай гишүүд байна. Илүү боловсронгуй болгох замаар Хэвлэлийн эрх чөлөөний хууль дахин өргөн баригдах боломжтой гэж үзэж байгаа.
-МАН, МАХН дахин нэгдэх асуудлыг ярьж эхэллээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тодорхой хугацаанд энэ намууд бие биенээ үзэж чадахгүй, хонь чоно шиг болоод л салцгаасан. Тэгсэн хэрнээ дахиж нийлье гэж бие, биеэндээ хайр зарлаж байгаа нь бас л улс төртэй холбоотой. Мэдээж улс төрийн шалтгаантай болоод л энэ асуудлыг ярьж эхэлж байгаа байх л даа. Гэхдээ нэгдэж, нийлэх нь тэдгээр намуудын өөрсдийнх нь асуудал. Ямар ч тохиолдолд нэгдэж, нийлэх хамтран ажиллах гэдэгт маш их итгэл үнэмшил байх ёстой юм. Тэр итгэл үнэмшил нь байгаа гэдэгт эргэлзэж байгаа. Өнөөдөр итгэл үнэмшил нь төлөвшөөд нийлээд явж байвал болж л байна шүү дээ. Түүнд болохгүй гэх асуудал байхгүй. Ганцхан итгэл үнэмшил төлөвшөөгүй байхад тодорхой эрх бүхий хүмүүс нь нэгдье, нийлье гэж ярих нь зохимжгүй байх. Миний хувьд тэр итгэл үнэмшил нь байгаа гэдэгт итгэхгүй байна.
У.САРАНГЭРЭЛ