Одоогоос сар гаруйн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймгийн АН-ын дарга Д.Амарбаясгаланг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, Засаг дарга Л.Цэрэнжавыг ажлаас чөлөөлсөн билээ. Энэхүү захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нарын ирүүлсэн мэдээллийн дагуу үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцлээ. Энэ талаар иргэн Б.Лхагважавтай ярилцав.
-Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжаа хүчингүй болгожээ. Ингэснээр нэр бүхий иргэдийн гомдлын шаардлага хангагдаж, улмаар Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан гэж үзсэн байна. Хуралдааны үеэр чухам ямар асуудлууд яригдав?
-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ном журмын дагуу эхэлсэн. Цэцийн гишүүд зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын захирамжтай холбоотойгоор түүнээс тайлбар авах гэж Цэцийн гишүүн хэд хэдэн удаа оролдсон боловч тайлбар өгөөгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй тухай яригдлаа. Энэ нь сүүлийн 21 жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Үндсэн хуулийн цэцийн өмнө тайлбар ирүүлээгүй, өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биечлэн оролцоогүй анхны тохиолдол болж байна. Энэ бол бүдүүлэг алдаа болсныг Цэцийн гишүүд онцолсон. Дараагийн яригдсан асуудал бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжаа энэ сарын 26-ны 15.00 цагийн үед хүчингүй болгосон тухай байв. Тиймээс нэгэнт баримтлах баримт буюу Засгийн газрын шийдвэр хүчингүй болсон учраас Цэцийн дунд суудлын хуралдааныг зогсоож магадлал гаргасан.
-Тэгэхээр Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Яг тийм. Нэг ёсондоо захирамжаа хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэхдээ процессоос харвал Цэц Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хаацайлаад л өнгөрлөө. Энгийн үгээр хэлбэл “Би чамд хайртай” кинон дээр Баяраагийн аав хүүтэйгээ холбоотой гомдлын талаар сургуулийн захиралтай уулздаг хэсэг гардаг даа. “Би өргөдлөө таны нүдэн дээр ураад хаячихъя, одоо үүгээр яахав, юу гэхэв” гээд сэргийлэхэд өгсөн өргөдлөө захирлын өмнө урчихдагийг хүмүүс санах байх аа. Харин захирал хариуд нь “Одоо л асуудал эхэлнэ дээ” гэж хэлдэг. Тэрхүү явдал шиг Ерөнхий сайд шийдвэрээ хүчингүй болгосон ч одоо л асуудал эхэлж байна. Ерөнхий сайд захирамжаа ураад хаячихсанаа алдаагаа ойлгосон мэтээр гэнэн байдлаар ойлгуулах гээд байна. Гэтэл тэрхүү захирамжид гарын үсэг зурсан нэгдүгээр сарын 7-ноос хойшхи хугацаанд Үндсэн хууль зөрчсөн, хууль бус захирамжаар томилогдсон этгээдүүд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд гэдэг утгаараа олон асуудлыг шийдсэн шүү дээ.
-Хууль бус Засаг дарга нарын энэ хугацаанд гаргасан шийдвэрүүд мөн л хүчингүй болох уу?
-Хүчингүй болно. Сар гаруйн хугацаанд төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн, томилсон захирамжууд гаргасан нь мэдээж. Захиргааны хэргийн шүүх дээр эдгээр захирамж очиход л бүгд хүчингүй болно.
-Ерөнхий сайд Цэцэд ялагдахаа урьдчилж мэдээд шийдвэрээ цуцлах алхам хийсэн гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайд анхнаасаа Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тодорхой харагдаж байсан. Ер нь шинээр парламент байгуулагдсаны дараа, шинэ Ерөнхий сайдын үед ааг омог, бяр тэнхээ амтагдсан үйл явц нэлээд давтамжтай явагддаг. Харин энэ удаад хэтэрхий улаан цайм хууль зөрчлөө. Монгол бол ардчиллын үнэт зарчмуудыг Үндсэн хуулийнхаа эхэнд тунхагласан улс. Гэтэл ардчиллын тэрхүү үнэт зарчмуудад халдаж байгаагаа Ерөнхий сайд мэдэхгүй байна. Өөрөө мэдэхгүй байна уу, хуулийн зөвлөхүүд нь мэдэхгүй байна уу гэдэг асуудал л даа. Ардчиллын үнэт зарчмууд алдагдсан эсэхийг тогтоолгохын тулд л Үндсэн хуулийн цэцэд иргэд ханддаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага аливаа асуудлыг өөрсдөө шийдэх бүрэн эрхтэйг Ерөнхий сайд олж харж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ.
-Таны хувьд Цэцийн шийдвэрт сэтгэл хэр хангалуун байгаа вэ?
-Зөвхөн захирамжийг урж хаяснаар асуудал дуусахгүй. Цэцийн албан ёсны дунд суудлын хуралдааны дүгнэлт гарахаас өмнө Ерөнхий сайд захирамжаа урж хаясан. Гэхдээ үйлдлээ урж хаяагүй. Яагаад гэвэл цаг хугацааг буцааж чадахгүй шүү дээ. Ялангуяа Ерөнхий сайдын үйлдэл Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн. Тийм учраас Цэцэд гомдол гаргасан иргэд сэтгэл дундуур байгаа. Тэдний хүсэлт агуулгын хувьд бүрэн биелэгдээгүй. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдэл нь түүнийг огцруулах үндэслэл болох эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд дахин хүсэлт тавина гэдгээ хуралдаан дээр иргэд илэрхийлсэн. Ерөнхий сайд Цэцээс эмээж байгаа нь том ололт. Гэхдээ ийм хялбар аргаар асуудлыг шийдэж болохгүй л дээ.
-Ерөнхий сайдын нэгэн адил засаг захиргааны хамгийн бага нэгж буюу хороон дээр ч үүрэг гүйцэтгэгч Засаг дарга томилсон байгаа. Тэд бас хууль бус уу?
-Ерөнхий сайдын үйлдлийг даган дууриаж хороонд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон тохиолдол Улаанбаатарт захаас аван байна. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийн улмаас доод шатанд ийм 100 гаруй тохиолдол гарсан нь хууль бус жишиг тогтоох гэснийх. Харин чадварлаг иргэдийн маань хүчинд энэ буруу жишиг татагдлаа. Эдгээр шийдвэр хүчингүй болох ёстой. Ерөнхий сайдаа дууриагаад бүгд захирамжаа урна гэж найдаж байна.
-Ер нь хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
-Хорооны Засаг даргын албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн хүний хохирлыг төр хариуцах ёстой. Гэхдээ төрд бүхнийг аваачиж нааж болохгүй. Миний ойлгож байгаагаар хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан хохирлыг барагдуулах үүрэгтэй. Тухайлбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргад учирсан хохирлыг Ерөнхий сайд, хороодын хувьд дүүргийн Засаг дарга хариуцах учиртай. Тэд өнөөдрөөс эхлэн дараагийн Засаг дарга сонгогдтол ажлаа хийнэ. Учирсан хохирлоо нөхөн төлүүлэх бүрэн эрхтэй.
-Хэрвээ Ерөнхий сайд дунд суудлын хуралдаанд оролцсон бол талуудын мэтгэлцээн олон нийтэд их ойлгомжтой байдлаар хүрэх байж?