Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /Бямба гараг/ орой 22.30 цагт Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Зочныг дагалдан Данийн Парламентын нэгдүгээр дэд дарга, ноён Бертел Хаардер, хоёрдугаар дэд дарга, хатагтай Пиа Кжэрсгаард, гуравдугаар дэд дарга, хатагтай Камилла Херсом, дөрөвдүгээр дэд дарга, хатагтай Анне Бааструп нар гэр бүлийн хамт, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарстен У.Ларсен нар айлчилж байна.
Данийн Вант Улсын Парламентын удирдлагуудыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Данийн парламентын бүлгийн дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. Зочдын албан ёсны арга хэмжээ маргааш эхэлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.