logo
Боловсрол, шинжлэх ухааны яам МОХ-той хамран ажиллах гэрээ байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны яам МОХ-той хамран ажиллах гэрээ байгууллаа

2013/03/04
Боловсрол шинжлэх ухааны яам Монголын оюутны холбоотой 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд оюутны байгууллагатай хамтран оюутан, суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих, эрдэм шинжилгээний ажил, сурах, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг 2013  оны хоёрдугаар сарын 28-ны  өдөр үзэглэлээ.

Гэрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Зөв монгол хүн" хөтөлбөрийн оюутнуудад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, оюутны суралцах, амьдрах эрхийг хангах зорилгоор БШУЯ Монголын оюутны холбоонд дэмжлэг үзүүлж ажиллана.  Монголын оюутны холбоо  мөн Засгийг газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах, яамны үйл ажиллагааг оюутан суралцагчдад хүргэж ажиллахаар тусгажээ.

Түүнчлэн хоёр тал 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан батлаад байна. Уг төлөвлөгөөнд  "Их, дээд сургууль, коллежийн оюутны сургалтын үйл ажиллагаанд идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сургууль бүрийн оюутны байгууллагын зүгээс хяналт тавьж, хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлж ажиллана. Оюутнуудыг нийслэлийн болон улс орны өмнө тулгамдсан асуудалд өргөнөөр уриалан оролцуулж, нийслэлийн тохижилт, оюутны хотхоны тохижилт, байгаль орчныг хамгаалах ажилд идэвхитэй хамруулна. "Номтой нөхөрлөгч" шилдэг оюутныг шалгаруулж, урамшуулна. 

Архи, тамхи, гэмт хэргийн зөрчилгүй орчин бүрдүүлэх талаар сургуулиудын оюутны холбоо, зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гарган ажиллаж, зөрчилгүй, тэргүүний оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулж урамшуулна. "Монголын оюутны урлагийн их наадам" улсын уралдааныг үе шаттай зохион байгуулна. Их, дээд сургууль, коллеж бүрт оюутны спортын клубуудийг байгуулж, нэгдсэн нэр, брэндтэй болгоно. Оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, яармагыг зохион байгуулна. Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны хяналтын тоог  гарган Сангийн яаманд хүргүүлэх, төсвийг батлуулах, гүйцэтгэлийг хянах ажлыг зохион байгуулна.  Их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байрны утасгүй интернет холболтыг сайжруулах арга хэмжээ авна. Гэр бүлтэй оюутнуудын амьдрах нөхцөлийг сайжруулах талаар анхаарч ажиллана.

Их, дээд сургууль, коллеж дээр Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах, бизнес инкубатор байгуулахыг дэмжинэ. Их сургуулиудын үйлчилгээг оюутнуудаар үнэлүүлэх нь" /"Check my university"/ хөтөлбөрийг Ардчиллын боловсролын төв, БШУЯамтай хамтран хэрэгжүүлнэ" гэх мэтчилэн олон зүйлийг энэ хичээлийн жилд хийхээр тусгажээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш