logo
Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт Налайх дүүрэгт зочиллоо

Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт Налайх дүүрэгт зочиллоо

2013/03/04
Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд албан ёсны  айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ. Зочныг дагалдан Данийн парламентын нэгдүгээр дэд дарга, ноён Бертел Хаардер, хоёрдугаар дэд дарга, хатагтай Пиа Кжэрсгаард, гуравдугаар дэд дарга, хатагтай Камилла Херсом, дөрөвдүгээр дэд дарга, хатагтай Анне Бааструп нар гэр бүлийн хамт, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарстен У.Ларсен нар айлчилж байна.    Тэд өнөөдөр /2013.03.03/ Нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус байгууллага нь Данийн Вант Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Данида”-ын санхүүжилт, Дани-Монголын нийгэмлэг, Монгол-Данийн нийгэмлэгийн тусламжтай "ДаМос" төвөөс 1997 онд хэрэгжүүлсэн “Монголын нийгмийн эмзэг бүлэгт туслах” төслийн үр дүнд байгуулагдаж байжээ.

 “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллага нь өдгөө өргөжин тэлж, Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь зэрэг 11 аймаг, нийслэлийн таван дүүрэгт салбартай, 1500 гаруй гишүүдтэй  болжээ.

   Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт хэлэхдээ “Та бүгдийг найрсгаар угтан авч буйд туйлын их талархаж байна. Дани улс сүүлийн 20 жилд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үүднээс тусламж үзүүлж ирсэн. Дани-Монголын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл амжилттай байгаад баяртай байна. Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрөөр төсөл амжилттай болж байгааг онцолмоор байна. Манай хоёр улсын парламент ойр дотно харилцаатай. Тиймээс энэ дашрамд УИХ-ын даргын урилгаар ийм сайхан айлчлал хийж байгаадаа талархаж буйгаа илэрхийлье” хэмээв.  

   2007 онд “Нийгмийн түншлэлийн сүлжээг Монголд бэхжүүлэх нь” төслийг Данийн Гадаад явдлын яамны дэргэдэх “Данида” хөгжлийн байгууллагаас 4,9 сая дани крон, Дани-Монголын нийгэмлэгээс 150 мянган дани кроны тусламжтайгаар хэрэгжүүлжээ. Уг төсөлд Дорноговь, Орхон, Дундговь аймаг, нийслэлийн Хан-уул, Налайх дүүргийн 1260 гаруй гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өрхийн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг хамруулсан байна. Энэ хүрээнд өөртөө туслах 208 бүлэг шинээр бий  болж, 143 сая төгрөгийн бичил зээл олгосон, зээлийн эргэн төлөлт 92 хувьтай байгаа гэдгийг  “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын Налайх дахь салбарын Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэцэцэг зочдод танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш