Улсын Их Хурлын дарга З.Энхболд ноён Могенс Ликкетофт тэргүүтэй зочдыг албан өрөөндөө дөнгөж сая /2013.03.04, 11 цаг/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголын парламентын тэргүүн хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Данийн Вант Улсын Фолькетингийн даргын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна гэлээ. Ноён Могенс Ликкетофт мөн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд хоёр улс олон жилийн харилцаатай ч Монголд ардчилсан нийгэм бий болсноос хойш сүүлийн 20 жилд илүү харилцаатай, хамтын ажиллагаа илүү идэвхижсэн гэдгийг онцлон дурдаж байлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, уур уурхайн салбарын ирээдүйн хамтын ажиллагааны талаар парламентын тэргүүн нар санал солилцсон юм. Тухайлбал, Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дүүргийн дулааны асуудал, уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, ардчилсан Монгол Улсын нэр хүнд олон улсад өндөр байна. Энэхүү нэр хүндэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгой үүрэгтэй оролцож байгаа гэж үздэг гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд парламент хоорондын харилцаа түүхэн ач холбогдолтойг онцолж “Данийн Засгийн газар Монгол Улсын ардчиллын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 1990-ээд оны эхээр ардчилсан нийгэмд шилжиж байх үед Данийн Засгийн газраас сонины хэвлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байсан нь олон нам, олон ургалч үзэл цаасан дээр хэвлэгдэж, шинэ Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөө биелэгдэх боломж бүрдэж байсан. Данида-гийн төсөл бол 1990 оны үйл явдалд, тодруулбал ардчиллыг хөгжүүлсэн хамгийн том төсөл байсанд талархал илэрхийлье. Цаашид эрх зүй, хөдөө аж ахуй, дүүргийн халаалтын систем, уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл буюу сүүний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох саналтай байна” гэсэн юм.
Түүнчлэн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж багш, оюутны солилцоо, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсье. Монгол-Дани улсын хоооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уул уурхайн салбарын хувьд манай улсын нөхцөл байдал та бүхэнд туршлага болох байх. Ирэх 100 жилийн үнийг тооцоолж баялгаа ашиглах талаар бодлого боловсруулах нь зүйтэй. Баялаг бол хязгаартай, харин хүн амын өсөлт хязгааргүй. Баялгийн үнээс гадна хөрөнгө оруулагчтай харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй байх. Бид 1997 оны хуулиараа хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй оруулах, эрсдэлтэйгээ олсон баялгаа олборлоход бид зөвхөн татвар авч байх нөхцөлтэй ажиллаж байсан бол 2006 оноос баялгийн 34 хувь нь Монголынх гэдэг шинэ ойлголтоор ажиллаж эхэлсэн юм. Татвар болоод бусад нөхцөлөө чангаруулаад ирэхээр хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагчтайгаа найрсаг бус харилцаанд орж байна гэлээ.
Ноён Могенс Ликкетофт хамтран ажиллах салбаруудын тухайд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Ялангуяа дүүргийн дулааны хангамжийн асуудалд хамтран ажиллах, Дани улсаас туршлага судлах боломжийг олгож байна гэдгээ хэлэв. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, уул уурхайн салбарын хөгжилд их гүрэн болоод жижиг улсад тулгарч буй бэрхшээл адил байна. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын лобби, эдийн засгаар дамжиж улс төрд нөлөөлөх нөлөөллөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал олон улсад тулгарч байна гэлээ.
Уулзалтад УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Н.Баянсэлэнгэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон болон албаны бусад хүмүүс, Данийн Парламентын нэгдүгээр дэд дарга, ноён Бертел Хаардер, хоёрдугаар дэд дарга, хатагтай Пиа Кжэрсгаард, гуравдугаар дэд дарга, хатагтай Камилла Херсом, дөрөвдүгээр дэд дарга, хатагтай Анне Бааструп, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарстен У.Ларсен нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.