logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн парламентын дарга Могенс Ликкетофтыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн парламентын дарга Могенс Ликкетофтыг хүлээн авч уулзав

2013/03/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофтыг өнөөдөр хүлээн авч уулзав.

     Ерөнхийлөгч хоёр орны найрсаг харилцааг ихээхэн үнэлдгээ, түүнчлэн Данийн Засгийн газар манай орны ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь дэмжин тусалж, Данидагийн шугамаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийллээ.

     Мөн “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг өнөө жил бид тэмдэглэх болно. Ойн жилд Данийн парламентын даргыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс Данитай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэх сонирхолтой байна. Түүнээс гадна манай эрчим хүч, уул уурхай, хүрээлэн буй орчны салбарт Дани Улс хөрөнгө оруулж, хамтран ажиллах ихээхэн боломж бий. Бид халаалтын системийг бэхжүүлэх, Данийн цэвэр, ногоон технологийг оруулж ирэхийг хүсч байна. Данийн  нийгмийн хамгааллын системээс суралцах, шууд холбоо тогтоохыг, бас хоёр орны аудитийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг  эрмэлзэж байна. Монголд нар, салхины эрчим хүчийг ашиглах том боломж бий. Эхний салхин станцыг бид байгуулж байгаа. Ер нь “Азиа супер сүлжээ” гэсэн эрчим хүчний том систем байгуулах сонирхол байгаа гэж Ерөнхийлөгч хэллээ.  

    Данийн парламентын дарга Монголын сайхан оронд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Манай хоёр орон хамтдаа урагшилж хөгжиж байна. Өөрийн орны талаар танилцуулж, шинэ мэдээлэл өгсөнд баярлалаа” гэв.

     Ерөнхийлөгч хэлэхдээ “2011 онд Монголын эдийн засаг хамгийн өндөр буюу 17 хувийн өсөлттэй байсан. 2012 онд авлигыг хамгийн хурдан багасгасан орноор тодорсон. Нэг жилийн дотор 26 орноор байраа урагшлуулсан. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Бид Европын холбоо, Европын орнуудтай тогтоосон харилцаагаа ихээхэн үнэлдэг.

Монгол Улс бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд сайд нарын уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол хорь гаруйхан жилийн өмнө тоталитар системтэй орон байсан шүү дээ. Өнөөдөр ардчиллын тэргүүлэгч орон болсон байна. Тэгээд бодохоор энэ ололт бол ихээхэн ач холбогдолтой гэж үзэхээс өөр аргагүй юм.

Сайд нарын уулзалтад зарим улс орны төр, засгийн тэргүүн, мөн сайд нар оролцоно. Бирмийн ардчилсан удирдагч Ан Сан Сучи оролцохоо илэрхийлсэн. Энэ бол сайн мэдээ. Бид бусдад заах гээгүй. Бид туршлагаа л хуваалцахыг хүсч байна. Манай улс олон улсын тусламжийн сан байгуулсан. Монголын ардчилсан шилжилтийн үед олон орон бидэнд тусалсан. Одоо бидний ээлж ирсэн гэж бодож байна. Киргиз гээд шинээр ардчиллын замыг сонгосон орнууд бидний туршлагыг сонирхож байна. Эрх чөлөө, үнэт зүйлд том, жижиг орон гэсэн ялгаа байх ёсгүй. Жижиг орон ч эрх чөлөөний жишиг улс байж болно. Манай 850 энхийг сахиулагч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Би саяхан очиж цэргүүдээ эргээд, тус орны ерөнхийлөгчтэй уулзаад ирсэн. Эдгээр чиглэлээр бид хамтран ажиллах боломж бий” гэлээ.

    Данийн парламентын дарга ардчилалд оруулж буй Монгол Улсын хувь нэмэрт талархаад “Дани улс эрчим хүч, Улаанбаатарын төвлөрсөн халаалтын систем, мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш