Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болд энэхүү айлчлал нь Монгол-Данийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болохыг дурдаад Данийн Засгийн газар манай орны ардчилсан өөрчлөлтийг бүр эхнээс нь дэмжин тусалж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ардчиллыг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд, ялангуяа чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг монголчууд ихэд үнэлдгийг тэмдэглэлээ. Тэрбээр мөн Монгол Улсаас Данийн Вант Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх, улс төрийн харилцааны өнөөгийн түвшинг дээшлүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход чухал ач холбогдолтой айлчлал болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн сацуу газар нутаг, байгалийн баялаг зэрэг олон талаараа адил төстэй манай хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам үр өгөөжтэй өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэлээ.
Данийн Парламентын дарга Могенс Ликкетофт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, Данийн Вант Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцсанаа ярьж, цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээ, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.