Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай 2 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол боллоо.
Энэ ёслолд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон БХЯ, ЗХЖШ-ын бусад удирдлага оролцов.
Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр батальоны бие бүрэлдэхүүнд үүргээ нэр төртэй биелүүлж ирэхийг хүсэн ерөөж үг хэлэн батальоны захирагч, хурандаа Ч.Түмэндэмбэрэлд Өмнөд Суданы тэнгэрт намируулах Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө. Мөн Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж нар зарим техник хэрэгслийг батальоны захирагчид өгөв.
Өмнөд Суданд 9 сар үүрэг гүйцэтгэх 2 дугаар ээлжийн мото буудлагын батальон Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бусад байгууллага болох ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын бие бүрэлдэхүүнээс бүрдснээрээ онцлог юм. Мөн 28 эмэгтэй офицер, ахлагч энэ багт оржээ. Тус батальоны дайчид 3 дугаар сарын 3-ны шөнө Өмнөд Судан руу ниссэн юм.