Уул уурхай нь манай улсын хөгжлийн гарц бөгөөд бид боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа хэмээн мэдээллээ. Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофорт “ Бид Монгол улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах хэд хэдэн тодорхой саналууд байгаа. Данийн Вант Улсын харьяа Гренландын арал улсад уул уурхай эрчимтэй хөгжин, ихээхэн хэмжээний баялагийг олборлож эхлэх гэж байна. Энэ үед олон улсын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санал тавьж байна. Олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулахад үндэсний эрх ашигаа хамгаалах, хөрш орнуудын сонирхлыг жигд тусгах, байгаль орчны нөхөн сэргээлт, усны асуудлыг зохистой шийдвэрлэх зэрэг бэрхшээлтэй асуудлууд тулгарч байгаа. Ашигт малтмалын томоохон ордыг ашиглахад орон нутгийн иргэд, засаг захиргаа, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид гээд маш олон талын оролцоотой байдаг. Энэ тал дээр бид Монголын туршлагыг судлахыг хүсч байна. Маргааш бид Оюутолгой төслийн ажилтай танилцахаар Өмнөговьд ажиллах болно” гэсэн юм. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, ус ашиглалт болон дотоодын ажиллах хүчнийг дэмжих талаар ямар бодлого баримталж байгааг сонирхож байсан юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, оролцогч талуудад харилцан ашигтай байх зарчмыг баримталж байгаа. Манай уул уурхайн салбар нь 90 жилийн түүхтэй. Одоогоор бид өмнө нөөцийг нь тогтоосон баялагийг ашиглах бодлого барьж байна. Өнгөрсөн жилүүдэд бид уул уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгосон. Одоо шинэ бодлого боловсруулан хэлэлцүүлж байна. Усны тухайд зөвхөн уул уурхайд төдийгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал усыг ашиглах тухай хуулийг гаргасан. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр Дэлхийн банк, Австрали улс, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулж байна. Цаашид Дани улстай хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.