Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай оронд айлчилж буй Голландын Ерөнхий сайд асан Вим Кок “Монголын эдийн засгийн чуулган”-д тавьсан илтгэлийнхээ хүрээнд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 1994-2002 оны хооронд Голланд улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллах хугацаандаа тэрбээр эдийн засгийн томоохон реформыг удирдаж, ажилгүйдлийн эсрэг урамшууллын арга механизм хэрэгжүүлж, нийгмийн өргөн салбарын үйл ажиллагааг тогтворжуулсан байна.
Dutch disease буюу “Голланд өвчин” гэж нэршил бий болтлоо олон улсын анхааралд өртөж байсан уул уурхайн салбараас үүдэлтэй хямралын эсрэг тус улсаас авч хэрэгжүүлсэн гол алхам нь “Ductch polder model” хэмээн хожим нь нэрлэгдсэн хариу арга хэмжээ байжээ. Polder гэж далангаар хамгаалан голын усыг тогтмол болгосон хэсгийг хэлдэг. Яг үүн шиг нийгэм, эдийн засгийн тодорхой хэсгийг төрийн бодлогоор хамгаалан тогтворжуулснаар энэ хямралыг даван туулсан байна. Эдийн засгийг өсгөхдөө нийгмийн асуудлыг хамт шийдэхэд чиглэсэн энэ бодлогыг Хойд Европын орнуудад туршин хэрэгжүүлж, үр дүнд нь өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн байдаг.
Монголтой харьцуулахад байгалийн баялаг хомс хэдий ч “Голланд өвчин”-ий улмаас эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарч, ийм бодлогоо ч амжилттай хэрэгжүүлжээ. Тэр дундаа худалдааны салбарыг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого хэрэгжүүлсэн байна. 1980-аад оны эхэн үе гэхэд өнөөгийн Африкийн орнуудтай харьцуулахад ч өрсөлдөх чадвар султай байсан энэ орон өнөөдөр оёдол, усан онгоц үйлдвэрлэл зэрэг үнэ ханш өндөртэй салбарт ганхашгүй байр сууриа аль хэдийнэ эзэлжээ. Эдийн засгийн гол түлхүүр болох эдгээр салбарынхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд мэдээлэл технологийн дэвшлийг дорвитой хөрөнгө гарган нэвтрүүлсэн нь ийм амжилтын үндэс болсон гэж ноён Вим Кок тайлбарлаж байв.
Үүний зэрэгцээ хязгаарлагдмал нөөц боломжоо аль болох илүү үр ашигтай ашиглах шаардлага Голланд улсад нэн тэргүүнд тавигдаж байв. Ердөө 40 мянган ам дөрвөлжин газар нутгаас өндөр өгөөжтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авахыг зорьсноор Голланд улс хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн орон болжээ. Өмнөх асуудлаа шийдэхийн тулд төр, хувийн хэвшил нэг ширээний ард сууж, үр дүнтэй бөгөөд хариуцлагатай хамтран ажилласнаас л амжилттай хэрэгжсэн эдгээр бодлого эхэлсэн юм гэж Голландын Засгийн газрын тэргүүн асан хэллээ.
Өдгөө 74 настай ахмад улс төрч тэрбээр 1986 оноос Голландын Хөдөлмөрийн намыг удирдаж, улмаар улс төрийн хүрээнд амжилттай ажиллан Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн зэрэг төрийн өндөр албыг олон жил хашсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.