“Монголын эдийн засгийн чуулган”-ы хаалтын нэгдсэн хуралдаанаар Монголын бизнесийн орчны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Бизнесийн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, Шинэчлэлийн Засгийн газраас энэ чиглэлээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, эхлүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.
Шинэчлэлийн Засгийн газраас нийт 45 салбарт дорвитой шинэчлэл хийхээр зорьж байгаагийн дотор бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн багц ажил багтсаныг Ч.Сайханбилэг сайд онцолсон юм. Тэр дундаа зөвшөөрөл лицензийн тоог цөөрүүлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгох, олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, логистикийн нэгдсэн төв байгуулах, зээлийн хүүг бууруулах зэрэг олон шатанд шинэчлэлийн ажил эхлүүлээд байгааг дуулгалаа.
Тухайлбал, зөвшөөрөл лицензийн хүнд суртлыг халахаар нийт 1165 тусгай зөвшөөрлийг 300 болгон бууруулахаар ажиллаж байна. Бизнесийн бүртгэл хийлгэхэд олон шат дамжин 13 өдөр зарцуулдаг байсныг 4 шаттай, цахим бүртгэлийн систем ашиглан богино хугацаанд амжуулах боломжтой болно. Цахимжсан системийг эд хөрөнгийн болон бүртгэлийн бусад төрөлд ч өргөн нэвтрүүлэх зохион байгуулалт хийж байна. Аж ахуйн нэгжүүд жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргадгийг халж, 12 удаа л цахим хэлбэрээр өгдөг байх эрх зүйн орчинг бүрдүүлж эхэлсэн. Мөн гадаад худалдаа эрхлэхэд экспорт, импортод тус бүр 41 баримт бичиг бүрдүүлдэг байсан бол Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ тоо ердөө л 2-4 болж цөөрнө. Хилийн боомт дээрх давхардсан олон шалгалтыг нэгдсэн удирдлагад оруулж, гурван байгууллага л үйлчлэх эрх зүйн зохицуулалт хийж байна. Эрчим хүчинд холбогдоход 8 алхамт хүнд сурталд нийт 156 өдөр зарцуулдаг байсныг 60 хоногт багтаадаг болголоо. Барилгын зөвшөөрөл авахад 19 дамжлага туулж, 121 гарын үсэг цуглуулахад 208 өдөр зарцуулдгийг Засгийн газраас саяхан гаргасан шийдвэрийн дагуу 36 гарын үсэг болгон цөөрүүлж, хоёр сар хүрэхгүй хугацаанд амжих нөхцөл бүрдүүллээ.
Энэ Засгийн газрын танхим бүрдсэнээс хойшхи зургаан сарын хугацаанд гаргасан шинэчлэлийн бодлого төлөвлөлт болон хэрэгжүүлж эхэлсэн ажлын зарим үр дүнг ийнхүү танилцуулаад чуулганд оролцогсдын саналыг сонсч, хариулт өгсөн юм. Бизнесийн орчинд төрийн зүгээс учруулдаг хүнд суртал, дарамт чирэгдлийг бууруулах тодорхой үр дүнтэй ажил эхлүүлж байгаад хувийн хэвшлийнхэн ихээхэн таатай хандаж байгаагаа чуулганы үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.