logo
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойд

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойд

2013/03/06
 Мэндчилгээ

Хором бүр шинэ санаа, шинэ мэдээллийг эрэн хайж нийгмээсээ ямагт нэг алхмын өмнө гишгэж, түмэн олонд мэдлэг түгээдэг гавьяат үйлсийн эзэд Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт ойн мэндийг дэвшүүлье.

Мэдээллийн гэгдэх энэ эрин зуунд сэтгүүлч Та бүхний ажил цаг минутаар бус агшин хормоор хэмжигдэж, үүрэх ачаа тань улам бүр нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Бусдын төлөө өөрийгөө элээж байдаг сэтгүүлчийн мэргэжил хэцүү бөгөөд хариуцлагатай. Монголд анх өдөр тутмын хэвлэл бий болж байхад их зохиолч Д.Нацагдорж хэлэхдээ “Сонин гэдэг нь боловсон улсад өглөө босоод нүүрээ хардаг тольтой адил” гэсэн байдаг. Үг нь мэргэн, үзэг нь хурц байдаг 4 дэх засаглалынхан хүнд бэрх ямар ч цагт хүн төрөлхтний амьдралд үнэний гэгээг асааж, худал хуурмаг бүхэнтэй зоригтой тэмцэн, шударга ёсыг тогтоосоор ирсэн билээ.Сэтгүүлчдийн манлайлал, тэртээх зуун жилийн өмнөх Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  Иймээс хөгжил дэвшлийн тухай ярихдаа сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй.

Нийслэлийн удирдлагын шинэ баг төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, авлига хүнд сурталгүй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иргэндээ жинхэнэ утгаар нь үйлчилдэг, иргэнээ сонсдог, оролцоог нь хангадаг төрийн үйлчилгээг бий болгохын тулд бид ажлаа авмагцаа мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрийг иргэд хянах, санал бодлоо тусгах боломжтой болсноос гадна мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд нээлттэй олгож байгаа юм. Бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар хуульчлан батлуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх бүтээн байгуулалтын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр боллоо. Бидний, үр хойчийн амьдрах хотыг эрүүл, аюулгүй, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй болгох үйлсэд Та бүхэн урьдын адил хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Нийслэлийн хөгжлийн түүхийг бичихэд  сэтгүүлчдийн мэргэн санаа, шүүмжлэл бидий ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох болно. 
 

 Та бүхний оюун гэгээн, ухаан хурц байх болтугай.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга                      Д.Баттулга

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч            Э.Бат-Үүл

 

2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш