Монголын анхдагч сайтуудын нэг Zaluu.com 2012 оны 10-р сарын 18-нд хаагдаад өнөөдөр дахин нээгдлээ. Тус сайтыг яагаад хаагдсан талаар тодорхой мэдээлэл урьд өмнө гараагүй. Тэгвэл энэ талаар тус сайтын удирдлагууд албан ёсны мэдээлэл ирүүллээ. Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг төрийн бус байгууллагын гомдлоор ШӨХТГ-аас тус сайтыг шалгаж тодорхой даалгавруудыг биелүүлтэл түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Zaluu.com сайт шаардлагуудыг хүлээн авч 100% биелүүлснээр 2012 оны 11-р сарын 12-нд ШӨХТГ-аас нээхийг зөвшөөрсөн байна. Гэвч Мэдээллийн сайтуудын ассоциаци нь ШӨХТГ-т гаргасан гомдолтойгоо ижил утгатай гомдлыг дахин шүүхэд өгч zaluu.com сайтын үйл ажиллагааг явуулахгүй байхыг хүсч битүүмжлүүлсэн ажээ. Zaluu.com сайт тодорхой алдаа дутагдлаа залруулчихаад байхад шүүхэд өгч, үйл ажиллагааг нь явуулахгүй байх шийдвэр гаргуулсан гэж тус сайтын удирдлагууд тайлбарлаж байна. Шүүхээс 2013 оны 1-р сарын 31-нд хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мэдээллийн сайтуудын ассоциаци нь 2-р сарын 25-нд шүүхэд дахин гомдол гаргасан ч нэхэмжлэлийг нь буцаасан байна. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу zaluu.com сайтыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо албан ёсоор нээжээ. Энэ жил таван насных нь ой тохиож буй Zaluu.com сайт нь хэвлэл мэдээллийн салбарт 5-15 жил ажилласан туршлагатай 18 хүний бүрэлдэхүүнтэй томоохон редакцитай болж өргөжин дахин нээгдэж байгаа юм байна.
Д.Зол
/www.Zone.mn/