Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцож үг хэллээ
Ерөнхийлөгч хэлэхдээ
“Эрхэм сэтгүүлч нөхөд өө, энд хуран цугласан хатагтай, ноёд оо,
Та бүхэндээ энэ түүхт 100 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
100 жил гэдэг энэ том түүхэн ойг манай сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбар тэмдэглэж байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Хэдхэн сарын өмнө Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 101 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр монгол түмэн өөрсдийнхөө хамгийн ариун нандин зүйлийг олж авсан тэр үе, тэр цаг хугацаатай цуг сэтгүүлзүй зэрэг мэндэлж гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш ээ гэж би хувьдаа бодож байна.
Сэтгүүлч гэдэг нэрийн цаана зөвхөн бичдэг, сурвалжилдаг хүмүүс биш, бүхэл бүтэн баг байгаа. Маш олон мэргэжлийн хүмүүс байдгийг бид мэднэ. Энэ багт, нэг үгээр хэлбэл сэтгүүлч гэдэг нэрийн цаана байдаг тэр хүмүүст монголын ард түмэн ийм хамгийн нандин зүйлээ өгсөн байгаа юм. Хамгийн үнэтэй зүйлээ эзэмшүүлсэн байгаа юм. Тэр нь бол нийгмийн оюун санааны хөтөч байх эрх. Ерөөсөө нийгмийн оюун санааны толь байх, нийгмийн сэтгэл зүйн засалч байх, юмыг түрүүлж мэдэх, түрүүлж мэдээлэх тэр гайхамшигтай эрхийг олгоно гэдэг бол үнэхээр монголын ард түмэн нэн хүндтэй, хариуцлагатай эрхийг энэ хэвлэл, мэдээллийн салбарынханд найдаж олгожээ гэж би хувьдаа боддог.
Иймээс би хэвлэл, мэдээллийн салбараас олон зүйл шаардахгүй байгаа. Гуравхан зүйлийг шаардаж байгаа. Ёс зүйтэй байхыг шаардаж байгаа. Хариуцлагатай байхыг шаардаж байгаа. Хараат бус байхыг шаардаж байгаа. Хамгийн гол нь манай шинэ үеийн сэтгүүлзүй 100 жилийн өмнө үүсэхдээ яг энэ зарчим дээр бий болсон байдаг юм.
Ёс зүйтэй, хариуцлагатай, эрх чөлөөг эрхэмлэсэн сэтгүүлзүйн дархлаа тэр үед бүрэлдэн тогтжээ. Үр хөврөл мэт бүрэлдэж байхдаа ч хараат бус байсан. Анхны “Шинэ толь” хэмээх сонин нь тухайн үеийн эрх баригчдаас санхүүждэггүй байсан. Үнэнийг хэлэх гэж бие даасан, эрх чөлөөт хэвлэл гарч ирсэн. Ингээд 18 нас хүрээд өөр тогтолцоо руу шилжин орсон байдаг. Тухайн үеэс хойш манай сэтгүүлзүйн салбар үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр иржээ.
Ерөнхийд нь харвал сэтгүүлзүйн салбар гурван төрийн нүүр үзсэн гэж хэлж болохоор байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон, Богд хаанаар эхлүүлсэн төр, дараачийн төр болон ардчилал, эрх чөлөөний үеийн төр гэсэн ийм гурван үеийн төрийн түүхийг хамтран бүтээсэн салбар бол сэтгүүлзүй.
Өнөөдөр би мэргэжил нэгт сэтгүүлч нөхдөдөө хандаад, санаж явахад хэрэгтэй болов уу хэмээн үзэж, таван зүйлийг хэлье.
Нэгдүгээрт, миний бодлоор сэтгүүлч хүн зөвхөн монгол хэл мэддэг байх нь хангалттай биш. Харин үгийн утгыг тайлагч байх ёстой хэмээн би хувьдаа боддог. Сайн бичиж, сайн ярихаас гадна үгийн цаад утгыг сайтар мэдэж байж жинхэнэ сэтгүүлч болно. Сэтгүүлч гэдэг нэр энэхүү мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн хамгийн дээд шат байх. Эхлээд сурвалжилна, мэдээлнэ, идэвхтэн бичээч болно гэх мэт олон шатаар урагшилж байж эцэст нь үгийн утгыг мэддэг.
Төр гэсэн үгээр жишээ татахад мөн чанар нь залгамж чанартаа байна. Харин залгамж чанар нь төрийн бодлогодоо байдаг. Төрийн бодлого нь хууль дүрэмд, хууль дүрэм нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэхэд оршдог юм байна. Сайн сайхны төлөө үйлчилнэ гэдэг нь дахиад олон талтай болж хувирч байгаа юм. Сайныг нь дэмжинэ, муутай нь тэмцэнэ гэсэн утга агуулагдаж байна. Зөвхөн нэг үгийн утгыг ийм маягаар авч үзвэл ойлгогдоно. Төр гэдэг нь дэг журам, хууль дүрэм, төр нь эрхэмсэг, ариун нандин зүйл юм байна гэж ойлгогдоно. Монголчуудын төрийн тухай ойлголт гүн гүнзгий. Бид ийм үнэт зүйлийг дэлхийд түгээж явсан, ийм сайхан уламжлалтай агуу ард түмэн юм гэдэг үүднээс төрөө харвал илүү сайхан харагдах ба юунаас юу шаардахыгаа мэдэх байх гэж бодож байна.
Сэтгүүлч хүний зүүж яваа цаг нь үргэлж гурвын тоог зааж байх ёстой мэт санагддаг. Сэтгүүлчид зөвхөн түүх бүтээдэг биш өнөөдрийг бүтээж, маргаашийг харж байдаг. Миний өнөөдрийн авч буй зураг, миний яриа бол Монголын өнөөдөр болон маргаашт үлдэнэ. Гэхдээ бид Монголын ирээдүйн тухай бас ярилцаж байна. Энэ гурван цаг дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ том үйлдвэрийн эзэд бол сэтгүүлчид. Энэ утгаар бид ажлаа харвал хариуцлага өндөр байх болов уу.
Хоёрдугаарт, аливаа зүйлд хариуцлагатай, ёс зүйтэй, үнэлэмжтэй байх ёстой. Сэтгүүлч хүний хувьд бидэнд ямар үнэлэмж хэрэгтэй юм бэ? Хамгийн чухал нь эрх чөлөөний үнэлэмж юм. Төр, дарга, нам, үзэл суртал, мөнгө гэх мэт зүйлээс хараат бус байж, аливаа зүйлийг харж чаддаг байх үнэлэмжийг сэтгүүлч хүн өөртөө бий болгох хэрэгтэй. Хоёр дахь гол зүйл бол хүн. Бид зөвхөн хүнд, Монгол Улсад, Монголын ард түмэнд үйлчлэх гэж байгаа. Ингээд бидний баримтлах шугам тодорхой боллоо шүү дээ. Эрх чөлөө, хүний талд байх ёстой юм байна. Мөн энд хэлэхэд илүүдэхгүй зүйл бол хүндлэл юм. Ярилцлага авахаар уулзсан хүндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэж би хувьдаа үздэг. Магадгүй муу хүний талаар бичиж байж болно. Гэсэн ч хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.
Эмч хүнийг бид өвчтөндөө хүндэтгэлтэй хандахыг шаарддаг. Засаг даргыг бид иргэдээ хүндэтгэхийг шаарддаг. Сэтгүүлч хүн энэ түүхийг хамтарч бүтээж буй хүмүүстээ маш хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ гурван зүйлийг дотроо өвөрлөж, сэтгэлдээ авч явбал та бүхний ажил бүтэмжтэй явна гэж боддог.
Гуравдугаарт, хүн бүр дотроо төртэй байдаг. Олон зүйлийг хүн өөрийнхөө төрөөр зохицуулж болно. Төр болохгүй зүйл рүү ороод байна гэсэн шүүмжлэлтэй би хувьдаа санал нэгтэй байдаг. Хүний өмнөөс хүндрэх боломжгүй гэж би нэг хэлж байсан. Хүн жаргаах гээд, хүнийг засах гээд зовлон, жаргал дундуур яваад байвал хүн засардаг юм. Тэр дундуур явж өөрийнхөө төрийг олж авдаг. Өөрийнхөө ёс зүй, хэмжүүрийг олж авдаг. Хүн өөртөө төртэй гэдэг үг сэтгүүлчдэд бүр их хамаатай. Өөрийн төрийг бий болгохын тулд өөрийн дэглэм журам, ёс зүй, өөрийн зарчим, барьдаг шугамаа бий болгоно гэсэн үг.
Сая хэлэлцэх гэж байсан, олон жил хэлэлцсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай холбоотой хоёр зүйлийг үүнтэй холбогдуулж хэлье. Яагаад болгоомжилж Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татаж авсан бэ гэдгээ хэлье. Тэр хуулийг хэлэлцэх явцад сэтгүүлчдэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах гээд байна уу, аль эсвэл эрх баригчдад өөрсдөд нь тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах гээд байна уу. Төсөл нь хэлэлцүүлгийн явцад өөр болоод явчихна лээ.
Үндэслэлтэй, үндэслэлгүй янз бүр байдаг л байх. Гэхдээ эрх баригчдыг өнөөдөр шүүмжилж байгааг, эрх баригчдын сүүдрийг харж байгааг, баримт материалыг дэлгэж тавьж байгаад эмзэглэж гаргаж байгаа хуулиараа дамжуулан өөрсдийнхөө асуудлыг, өөрсдийнхөө зовлонг зохицуулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл надад төрүүлсэн. Тийм учраас муу хуультай байснаас огт хуульгүй байсан нь дээр. Ер нь өөрөө өөртөө эзэн болоод л явж бай. Муу хууль гаргаж, түүгээр дамжуулж эрх чөлөө, боломжоо боолгож болохгүй юм болов уу гэж бодсон. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад тодорхой хэмжээний амжилтад хүрсэн гэж бодож байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний салбарт ямар олон харилцааг зохицуулах шаардлагатай юм бэ. Ямар олон шинэ зүйл бидний өмнө тулгамдаж гарч ирж байна вэ. Үүнийг бид яаж харах ёстой юм бэ гэдгийг харахад энэ хэлэлцүүлгийг өрнүүлсэн нь их тус болсон гэж үзэж байна. Дахиад Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцтэл манай хэвлэл, мэдээллийн салбарынхан өөрсдөө өөрсдийгөө авч явах нь ээ.
Хамгийн хэцүү юм бол өөрөө өөрийгөө авч явах шүү дээ. Хүн удирдах гээд байх хэрэггүй. Өөрөө өөрийгөө удирдах хэцүү. Өөрөө өөрийгөө залах хэцүү. Өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх хэцүү шүү дээ. Тэгэхээр та нар өөрөө өөрийгөө авч явах нь. Хамт олон, редакц, тэр байдаг бүх зүйлээ өөрөө авч явж, тогтсон сайн зүйл, ёс зүйгээ мөрдөөд явах нь. Хүрсэн сайн зүйлээ хадгалаад, арилгачихмаар муу зүйлээ арилгаад, түүнийгээ ёс зүйн дүрмээр зохицуулаад явчих юм бол заавал энэ салбарт хууль гэж хурдлуулаад байх шаардлагагүй ч байж магадгүй.
Сэтгүүлчдийг шийтгэдэг, айлгадаг Эрүүгийн хуультай холбоотой хоёр заалтыг авч хаяхаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тусгасан байсан. Одоо шинээр боловсруулж буй Эрүүгийн хуулиас тэр хоёр заалтыг хасна гэж би ойлгож байна. Тэгэхэд л бараг болох боломжтой. Ийм маягаар нэг хэсэг явах гэж оролдвол зүгээр байх аа. Төрийн төрөөр өөрийгөө захируулах гэснээс өөрийн төрөөр захируулсан нь хувь хүнд хамаагүй ээлтэй. Ялангуяа сэтгүүл зүйн салбарт, ялангуяа хэвлэлийн салбарт энэ нь ээлтэй.
Дөрөв дэх нэг зүйл бол нийгмийн сэтгэлийг засдаг, нийгмийн сэтгэлийн толь гэж би түрүүн хэлж байсан. Өөрсдийгөө хэдүүлээ нэг толинд харъя. Хүн ер нь өөрийгөө толинд харах дургүй байдаг. Өөрийгөө толинд хараач. Та бүхэн төрийг хүмүүжүүлдэг хүмүүс. Одоо өөрийнхөө төрийг нэг хар даа. Монголын төрийн дутагдлыг, сайн сайхан, муу муухайг ярьдаг хүмүүс шүү дээ. Бодлого тодорхойлогчдын дутагдлыг ярьдаг хүмүүс.
Тэгвэл таны төр ер нь юу болж байна. Хараат болчихсон юм биш биз дээ, таны төр. Авлигад автчихсан юм биш биз дээ, таны төр. Сэтгэлийн байгаль чинь бохирдчихсон юм биш биз дээ. Өөртөө бүтээгдчихсэн байгаа дүрээсээ нэг гарч салж харах хэрэгтэй. Мундаг сэтгүүлч, мундаг хүн гэдэг дүрээсээ. Өөрт байгаа эрхээ дэндүү эдлээд байгаа юм биш биз дээ. “Би л бичдэг, би л үзүүлдэг” гэж түүгээрээ далайлгаж, түүнийгээ зэвсэг болгоод ашиглаад байгаа юм биш биз дээ. Тийм муу ёс зүй, тийм муу соёл таны сэтгэлийн байгаль дотор чинь, таны сэтгэл дотор бий болчихсон юм биш биз. Нийгмийн сэтгэлийн байгалийг бүтээдэг хүмүүс өөрийнхөө сэтгэлийн байгаль руу өнгийчихэд ерөөсөө болохгүй юм байхгүй. 100 жил дээрээ нэг өнгийж харах хэрэгтэй. Өөрийн чинь төрх ямар явааг нэг харчих хэрэгтэй.
Төгсгөлд нь хэлэх гэсэн санаа бол би сэтгүүлч мэргэжлээрээ бахархдаг.Гэхдээ энэ сэтгүүлч мэргэжилтэй хүн л хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэдэг ойлголт одоо алга болжээ. Өөрчлөлт, шинэчлэлт маш хурдан явж байна. Жишээ нь сэтгүүлч мэргэжлээр таван жил суралцаад тэгээд нэг диплом аваад гайгүй сайн ажилд ороод явахад тавин жил амьдарч болдог байсан. Одоо тэр байдал алга болоо.Хүн бүр сэтгүүлч байх тийм боломж бий болчихлоо.Жишээлбэл блог нээгээд л өөрөө шууд биччих тийм боломж бүрдсэн байна. Жиргээнд ороод өөрөө бичих, Фэйс буукт бараад өөрөө бичих. Нөгөө бидний өмчлөөд байдаг, нөгөө бидэнд л байх ёстой гэж үздэг тэр мундаг мэргэжлийг чинь бүр хүүхдүүд багаасаа эхлээд эзэмшчихлээ. Зүгээр л мессеж бичээд эхэллээ. Сэтгүүлзүй асар их өөрчлөлтөд орж байна. Тэгэхээр сэтгүүлчдийн хувьд үүнийг л мэдэх, мэдрэх хэрэгтэй байна. хүрээ нь ч өөрчлөгдлөө. Агуулга нь ч өөрчлөгдлөө. Хэлбэр нь ч өөрчлөгдлөө. Хил хязгааргүй ч боллоо. Өнөөдөр Монгол гарч буй зүйлийг зөвхөн манайд уншихаа больсон. Дэлхий даяар монгол хүн байгаа газар бүхэнд уншдаг болсон. Бидний хийж буй, ярьж зүйлийг гадаад хэл рүү орчуулаад хардаг болсон. Зарим үед утга учир нь үл олдох мэт нөхцөл өөрчлөгдөж буй хэдий ч нөгөө талаас харвал гайхамшигтай боломж гарч ирж байна. мэргэжил бол мэргэжил шүү дээ. Тэр үндэс, тэнд байх ёстой цагаан толгойн эхний үсэг, тэр бүхнийг сураад авсан хүн бол бусдаас арай өөр, хөл алдахааргүй сайн хийгээд явах боломж бүрдэж байна. Тэгэхээр нэг мэргэжил эзэмшээд дахин суралгүйгээр амьдраад ажиллаад явдаг байсан үе өнгөрчээ гэж хэлэх гэсэн юм. Өнөөдөр өдрийн тал нь та ажиллах ёстой, өдрийн тал нь та сурах ёстой. Ийм цаг ирлээ. Ингэхгүй та хоцорно. Ингэхгүй бол танай хамт олон хоцорно. Ийм орчинд бид амьдарч байна. үүнийг бид ойлгох хэрэгтэй.
Ингээд энэ 100 жилийн ойгоор зуун жилийн түүхийг бүтээхэд оролцсон, Монголын бахархлыг бий болгоход, зуун жилээр нийгмээ чиглүүлж явахад оролцсон үе үеийн хүмүүс, Монголын сэтгүүлзүйг эхнээс нь үүсгэн хөгжүүлэхэд хамт байж зүтгэж явсан хорь, хорин нэгдүгээр зууны гээд биднийг тэнгэрээс харж буй, бид бахархаж дурсаж явах тэр бүх хүмүүс болон өнөөдөр энэ салбарыг авч явж байгаа та бүхэндээ дахин чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.