УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган сонин содон зүйлээр дүүрэн болж өнгөрлөө гэж хүмүүс ярьж байна. Таны хувьд ямаршуу чуулган болсон гэж дүгнэж байна вэ?
-Энэ талаар байнга л ярьж ирлээ. Парламентын дэг жаяг, үнэт зүйлсэд ихээхэн халдсан, гажуудуулсан ийм л чуулган болж өнгөрлөө шүү дээ. Мэдээж аливаа шийдвэрийг УИХ-ын олонхи гаргадаг. Гэхдээ парламентын зарчмын дагуу цөөнхтэйгөө зөвшилцөж заавал санал бодлыг нь тусгах ёстой. Яагаад гэвэл энд сууж байгаа хэдэн хүний асуудал биш ээ. Бидний ард сонгогчид байгаа. Өмнөх парламентын үед олонхи нь цөөнхөө хүндэтгэж хамтдаа шийдвэр гаргаад л явдаг байсан. Парламентын дэг жаяг ийм л жишигтэй. Гэтэл энэ удаагийн чуулганаар асуудлыг хэтэрхий олонхиор түрж, парламентын чухал зүйл болох зөвшилцлийг орхигдуулсан. Мөн нэг талыг барьсан, өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн ийм л агуулгатай хууль, шийдвэрүүд гаргаж ирснээрээ их онцлогтой чуулган боллоо. Онцлогтой гэдгийг хашилтад хэлж байгаа юм шүү. Муу тал уруугаа онцлогтой гэсэн үг.
-Ер нь олонхи барьцааны улстөр хийж байгаа юм шиг л харагддаг. Харин Та юу гэж бодож байна. Тийм жишээ байгаа биз дээ?
-Хамгийн тод жишээ бол одоо хүртэл Ардын намын гишүүдийг байнгын хороодод хуулийн дагуу харьяалуулахгүй байна. Үүнийг улстөрийн шалтгаанаар гацааж ирсэн. Өнгөрсөн намрын чуулганы сүүлээр ярьж байгаад дахиад л хойшлуулчихлаа. Бид хуулийн дагуу парламентын дэг жаяг ярихаар хажуугаар нь заавал өөр зүйл барьцалдуулж оруулж ирээд “Үүнтэй хамт хэлэлцэхгүй бол наадахыг чинь хэлэлцэх боломжгүй” гэдэг. Ийм агуулгаар цааш явах юм бол дараа дараагийн Их хуралд муу жишиг тогтоох аюултай.
-Тэгээд энэ хууль бус үйлдлийг зүгээр шүүмжлээд л өнгөрөх гэж үү. Бусад нам эвслүүд ч энэ талаар дуугарах ёстой шүү дээ?
-Чуулганы төгсгөл хавьд бид бусад нам эвслийн бүлгийн гишүүдтэй энэ асуудлаар ярилцсан. Тэгэхээр УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт, шинэчлэл хийхгүйгээр цаашид явж болохгүй гэдгийг нэлээд нухацтай хэлэлцсэн. Ялангуяа ээлжит бус болон намрын чуулганаар зөвхөн нэг талыг барьж гаргасан хуулиудыг өөрчлөхгүй бол парламентын зарчим, үнэт зүйлсүүд алдагдах нь гэсэн байр суурин дээр эрх биш тал талаасаа очиж байгаа болов уу гэж бодож байна. Хаврын чуулган эхлэхээр энэ асуудлуудаа үргэлжлүүлээд ярих зорилготой байна.
-Хаврын чуулганаар МАН-ын бүлэг юунд чиглэж ажиллах вэ?
-Завсарлагааны хугацаанд бүлгийнхээ ажлыг жигдлэх тал дээр нэлээд ажиллаж байна. Одоогоор хэн ямар асуудал хариуцах вэ гэдгээ тохирч мэдээ материал цуглуулах, боловсруулах бодлогын шинжтэй бүтэц зохион байгуулалтын ажлаа ярьж эхэлсэн. Мөн Ажлын алба маань намын Ерөнхий нарийн бичгийн даргатай хэрхэн уялдаж ажиллах механизмаа боловсронгуй болгох талд ажиллана. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчихсан байна билээ. Хаврын чуулганы дүнд дараа жилийн болоод үлдсэн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд явуулах үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн ерөнхий чиг баримжаа гарах ёстой. Мэдээж энэ жилээс эхлээд цаг алдахгүйгээр улс орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж, хийж эхлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль гээд улстөржсөөр байгаад л дуусна. Тиймээс манай бүлгийн зүгээс цаашдаа зөвшилцлийнхөө үндсэн дээр аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн зөв бодлого яаж явуулах вэ гэдэгт их анхаарч ажиллана. Мөн хууль дүрэм зөрчигдөж байгаа асуудлыг хаврын чуулганаар хамгийн хурцаар сөхөж тавина. Түүнээс томоохон орд газруудын ашиглалтын ажилд нарийн хяналт тавина. Ерөнхийдөө Оюутолгойн асуудлыг яаж шийдэж байна гэдгээс энэ Засгийн газрын чадавхи харагдах ёстой. Урьд нь байгуулсан гэрээ бол үнэхээр том ажлын эхлэл байсан. Үүнд засч залруулах зүйл байна гэдгийг олон нийт хэлж л байсан. Тиймдээ ч УИХ-ын 57 дугаар тогтоол гарсан. Ер нь Монгол Улсыг цаашид авч явах хэмжээний том үйлдвэрийн асуудлыг нэг л өдөр цогцоор нь шийднэ гэж байхгүй. Аливаа асуудал алдаж оноод л явна. Ингэхдээ аль болох бага алдаж шийдэх хэрэгтэй.
-Оюутолгой тойрсон маргаан тасрахаа байлаа. Хөрөнгө оруулагч тал манайхаас арай илүү зүйлийг шаардаад байх шиг?
-Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцад анхаарал татахуйц зүйл гарч байна. Нэгдүгээрт, гэрээнийхээ заалтуудыг нарийн мөрдөж ажиллахгүй байна, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Мөн анхны хөрөнгө оруулалт бидэнд мэдэгдэхгүй нэмэгдэж байна. Эдгээр нь гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал. Тиймээс энэ асуудлаа засч залруулж явахгүй бол хэтдээ газар шороог маань ухчихаад хоосон газраа бидэнд үлдээж болохгүй л дээ. Бид энэ чуулганы завсарлагааны хугацаанд гадна дотнын хөрөнгө оруулагчид, тэдний төлөөлөгчидтэй уулзаж үзсэн. Энэ байр сууриа ч илэрхийлсэн. Ер нь яагаад ийм байдал үүссэн юм гэхээр ганцхан Монголын тал гэрээндээ хариуцлагагүй хандсанаас болж байгаа юм биш ээ. Цаад хөрөнгө оруулагч тал маань гэрээндээ яаж хандаж байна гэдгээс бас хамаараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай л зам гэсэн үг. Аль, аль нь дүрмээ зөрчихгүй байвал замын хөдөлгөөн хэвийн л үргэлжилнэ.
-Төр дэндүү сул болж байна гэж их ярих болж. Монголын төр үнэхээр сул дорой байгаа юм гэж үү ?
-Манайх эдийн засаг, аюулгүй байдал талаасаа их эмзэг улс шүү дээ. Үүний дээр бид хоорондоо эв нэгдэлтэй байж нэг нэгийнхээ санаа бодлыг сайн сонсохгүй бол гаднын эрхшээлд орох аюултай. Бид хамгийн гол нь тогтвортой байдлаа хангах нь чухал юм шүү дээ. Гэхдээ тогтвортой байдал гээд яриад байхаар бий болчихдог зүйл ч биш. Энэ бол зөвшилцөж, ойлголцож байж тогтвортой байдлаа хангана гэсэн үг. Түүнээс биш шинэчлэл хийнэ, бусад нь хамаагүй гэж аашилж байгаа нь цаашдаа Монголд ардчилал гэж байх уу, хууль ном гэж байх болов уу гэдэгт эргэлзэхэд хүргээд байна.
-Тэгвэл яг одоо Монголд, тэр тусмаа АН-д ардчилал байна уу?
-За даа, АН-ыг ардчилсан улстөрийн хүчин гэж хэлэхэд хэцүү болчихоод байна шүү дээ. Хамгийн том жишээ гэхэд олонхи цөөнхдөө хандаж байгаа байдал, цөөнхийн ард байгаа сонгогчдод хандаж байгаа хандлагаас харагдаж байна. Ер нь сонгуулийн дараах уур амьсгал өөрчлөгдсөн гэж бодож байна. Яахав, АН-ыг үнэхээр ардчилсан улстөрийн хүчин мөн үү, биш үү гэдгийг ард түмэн дүгнэх байлгүй дээ.
-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Таны өргөн барьсан байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хуулийн төсөл багтаагүй харагдсан?
-Бид хаврын чуулган эхлэхээр асуудлаа тавина. УИХ-ын дэг, гишүүдийн хариуцлагын асуудалтай холбоотой хэд хэдэн хууль өргөн баригдсан. Манайхыг нэг хууль өргөн барихаар, зөрүүлээд л нэг хууль барьчихдаг болсон шүү дээ. Ер нь хаана ч, ямар ч парламентад байдаггүй жишгүүд гарч ирээд байгаа юм л даа. Тухайлбал, ирцийн асуудлыг шалгуур үзүүлэлт болгоод УИХ-ын сонгуулиар бий болсон бүлгүүдээ тараах тухай хуулийн төсөл. Энэ мэт улстөрийн хувьд гар хөлийг нь мухарлах ийм л агуулгатай хуулийн төсөл оруулчихаад хэлэлцүүлнэ гэж зүтгээд байдаг. Олон газар яривал ичмээр асуудал шүү дээ.
-Сүүлийн үед Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг солих талаар ярьж байна. Заавал Н.Багабандийг солино гэдэг нь ямар учиртай юм бол?
-Яг солих гэж байгаа талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Оюутолгойн зөвлөлийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсох нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхгүй харанхуй мухраар солино гэвэл маш олон хар дагуулсан зүйл болно. Бидэнд төдийгүй нийгэмд ТУЗ-ийн гишүүд яаж ажилласан, ямар асуудал тавьж байсан талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Хэвлэл мэдээллээр ч нэг их яриад байдаггүй байх. Харин нэг сонинд П.Цагааны ярилцлага гарсан байна лээ. Гэхдээ П.Цагаан ярилцлага өгөхдөө гол нь биш. УИХ-ын холбогдох бүтцүүдэд мэдээлэл өгөх нь чухал. Үнэхээр ТУЗ-ийн гишүүнийг солих дээрээ хүрвэл юуны түрүүнд тэдний юу хийсэн гэдгийг УИХ-ын хэмжээнд сонсох ёстой. Түүнээс Засгийн газар дангаараа шийдэх нь зохимжгүй.
-П.Цагаан юу гэж ярьсан юм бол. Та уншиж үзэв үү?
-Нөхцөл байдал нэг иймэрхүү байдалтай явж ирсэн гэж зах зухаас л ярьсан байна лээ. Түүнээс харахад ТУЗ-ийн гишүүд маань зүгээр сууж байгаагүй юм байна гэсэн ойлголт авсан. Тиймээс тэдний санал бодол, тайлбарыг сонсох хэрэгтэй гэж бодож байна. Тэр тусмаа Монголын ард түмэндээ ямар хүн гэдгээ харуулсан Н.Багабанди гуайн үгийг сонсохгүйгээр солих тухай асуудал байж болохгүй. Энэ бол маш том хардлага дагуулна. Том асуудлын эх болж магадгүй.
-Таны хэлсэнчлэн олон харыг дагуулаад эхэлчихсэн шүү дээ. Тухайлбал, Н.Багабанди гуайн оронд “Алтан гадас” фракцаас хүн тавих гэж байгаа гэж дуулдаад байна?
-Улстөрд байдаг л аргуудын нэг л дээ. Эхлээд бор шувуу нисгэж хүмүүсийн сэтгэл санааг бэлтгэж байгаад л дараа нь шийдэх гэхчилэн. Гэхдээ яг тийм мэдээлэл ирээгүй болохоор би сайн мэдэхгүй байна. Үүнийг хардах эрхтэй, тэр тусмаа сэтгүүлчид.
-Блүүмбэргийн сайтад Оюутолгойн талаар мэдээлэл тавигдсаныг манай өдөр тутмын нэг сонин орчуулж тавьсан байна. Тэнд юу гэж бичсэн байна гэхээр “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой тойрсон маргаанаа шийдэхгүй бол Оюутолгойн анхны гарах бүтээгдэхүүн хойшлогдоно” гэсэн утгатай мэдээлэл байна билээ?
-Хоёр талын анхны хэлэлцээр ямар ч бүтэлгүй болоод хоёр тийшээ салсан гэж сонссон. Тэр хэлэлцээр мэдээж үргэлжилнэ. Уг нь бүтээгдэхүүнээ аль болох хурдан гаргаж, хөрөнгө мөнгө болгох нь зүйтэй. Мөн бүтээгдэхүүнээ түргэн гаргахгүй бол болохгүй нь гэдэг байдлаар хандаж гэрээ хэлэлцээндээ зохих шинэчлэл, боловсронгуй болгох зүйлүүдээ хийхгүйгээр цааш үргэлжлүүлэх гэж оролдох нь буруу гэж бодож байна. Тэгэхээр гэрээ хэлэлцээрээ түргэн шуурхай, ил тод хийгээд явах нь зүйтэй л дээ. Уг нь “Рио-Тинто” дэлхийд нэр хүндтэй томоохон компаниудын нэг шүү дээ.
-МАН, МАХН нэгдэх нь гэж ярьж байна. Энэ асуудалд Таны байр суурь ямар байгаа вэ?
-Би Ардын намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн сүүлийн үеийн хурал дээр ийм асуудал ярьсан гишүүд байгаа. Гэхдээ Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн дээр энэ талаар албан ёсоор хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ярилцаад санал хурааж шийдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мэдээж аль аль намын гишүүд, дэмжигчдийн зүгээс улстөрийн хүрээнд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явц болоод нэг нам хэтэрхий дураар авирлаж буйг хараад нэгдэх шаардлагатай гэж үзсэн болов уу. Гэхдээ хоёр нам нийлэхдээ хүрвэл намын дарга, нарийн бичгийн дарга нарын байр суурь, Удирдах зөвлөл гээд их олон зүйлээс шалтгаална. Бага хурал хуралдана, шаардлагатай гэвэл Их хурал хуралдаж байж шийднэ. Түүнээс одоохон шийдээд өнөө маргаашгүй нэгдчих гээд байгаа юм биш. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд манайх намын нэрээ шинэчилж, намынхаа үзэл баримтлалд өөрчлөлт оруулсан нь гарцаагүй цаг үеийн шаардлага байсан. Олон жил яригдаж байсан асуудал шийдэгдсэн гэсэн үг. Тэгээд ч намыг хагалах асуудлыг бид эхлээгүй.
-Энэ хоёр нам нэгдсэнээрээ зөвхөн АН-ыг дийлэх гэсэн санаа биш биз дээ?
-Намууд салж, нийлэх үзэгдэл ардчилсан засаглалтай орнуудад байдаг л зүйл. Өнөөдөр салаад маргааш эвсэж байдаг. Зөвхөн АН-ыг ялахын тулд энэ асуудлыг ярьж байгаа гэж бодохгүй байна. АН-д тэртэй тэргүй ард түмэн дүнгээ тавиад эхэлж байгаа. Нийгмийн уур амьсгал салхины зүг чиг нэг жилийн өмнөхөөс арай өөр болж байгаа. Ер нь нэг нам, эвслийг дарахын тулд ингэж байгаа гэсэн ойлголт ерөөсөө биш. Үүнийг хүн бүхэн өөрөөр харж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь Монголд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих ёстой, улстөр зөв төлөвших хэрэгтэй гэдэгт хандсан алхам болох ёстой гэж бодож байна. Тэгээд ч юуны төлөө ингэж байгаа юм гэдгээ илүү сайн ярьж асуудал уруугаа гүнзгий орвол зүгээр. Түүнээс сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй.
-Ардын намд намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулагдсан. Үүнийг Та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Чуулган завсарлахын өмнө намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн надад хандаж долоон хүн санал ирүүлсэн. Тэр бичигтэй нэлээд сайн танилцсан. Намын шинэчлэлийн хүрээнд бид нарын байнга л ярьдаг, хийгдэх ёстой зүйлүүдийг ярьсан байна лээ. Түүнээс энэ намын хувь заяанд юм уу, энэ намд итгэж яваа хүмүүсийн хүсэл мөрөөдөлд нөлөөлөхөөр зүйл олж хараагүй. Нам бол амьд организм учраас байнга л өөрчлөлт, шинэчлэлийн тухай асуудал яригдаж байдаг. Тэр нь ч алхам алхмаар шийдэгдээд л явдаг. Үүнийг эрүүл саруул үйл явцын нэг л гэж харж байна.
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улстөр бужигнах энэ үед ийм асуудал гаргаж байгаа нь цагаа олоогүй байж болох уу?
-Зориуд энэ цаг үед нь гаргая гэж бодоогүй байх л даа. Ингэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ингэж нөлөөлнө гэж бодоогүй болов уу. Харин ч шинэчлэлийн үйл явц, хэвийн л үзэгдэл гэж бодож байна. Үүний цаана учиргүй цагаа олоогүй юм болж дээ гэж хэлэхээр тийм санаа байхгүй байх гэж итгэж байна.
-Сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор нөгөө автомат машины маргаан дахиад л гарах байх. Автомат машинд итгэх иргэдийн эргэлзээ арилаагүй байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн өмнө заавал гарч ирэх ёстой асуудал. УИХ, орон нутгийн сонгуулийн дараа маш их булхай луйвар гарч байсан. Зохих газарт нь хүргэсэн ч үр дүнд хүрээгүй. Энэ булхай луйвраас болж ард түмэнд төр засагтаа итгэх итгэлгүй болох вий. Үүнийг шийдэх хэрэгтэй гэж Ардын намын бүлгийн гишүүд байнга ярьж ирсэн. Даанч АН-ын нөхөд маань тууштай эсэргүүцсээр байгаа. Энэ нь ч хардлага төрүүлж байгаа юм. Нэгэнт хууль батлагдсан учраас нэмэлт өөрчлөлт оруулахад хэцүү. Оруулж болох байсан ч тэд зөвшөөрөхгүй. Тиймээс бодох ёстой зүйлийн нэг. Би ч гэсэн нэг зүйл бодсон байгаа.
-Юу бодсоноо хэлж болохгүй юу?
-Яг одоо хэлээд яахав. Намынхаа нөхөдтэй л ярина даа.