Эрчим хүчний сайд М.Сономпил Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа. Элчид сайд “ДЦС-4” компанид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Үр ашгийг дээшлүүлэх төслийн явцын талаар болон, тус улсын компани оролцож буй Улаанбаатарын дулааны V цахилгаан станцын талаар уулзалтын үеэр асууж байлаа.
Сайд М.Сономпил, Япон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар олон төслийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаад талархаж явдгаа илэрхийлээд “ДЦС-4”-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд дахин оруулахаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас бэлтгэж байгаа тухай ярилаа. Дээрхи төсөл тус станцад хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээг буурч нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, турбины тохируулгыг шинэчлэн зардал бууруулах зэрэг үр ашгийн болон байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах ач холбогдолтой юм. Төслийн судалгааны ажлыг ЖАЙКА-ийн хөрөнгөөр Японы JPOWER компани 2012 оны 7 дугаар сард хийж гүйцэтгэжээ.
Улаанбаатарын дулаан, цахилгааны 5 дахь эх үүсвэрийн хувьд, Засгийн газрын тогтоолын дагуу шинэ эх үүсвэр барих газрыг чөлөөлөхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “байгаль орчнынөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газрыг чөлөөлнө гэж шийдвэрлэсэн тухай Эрчим хүчний сайд хэллээ.