Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа билээ. Энэ ажлын эхлэл болгож тэд дүүргүүдээс хамгийн эхэнд Налайх дүүрэгт ажиллаад иржээ. Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд болох Налайх дүүргийн НДТГ, Эрдмийн Оргил цогцолбор сургууль, Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв, Эрдмийн 109-р бага сургууль, Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 28-р анги, Хадгаламж банк, Налайх дүүргийн 3-р болон 4-р хорооны нийт 200 гаруй залуучуудтай уулзсан байна. Үүнээс Залуучуудын зөвлөлийг Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургууль, Налайх дүүргийн засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Налайх дүүргийн Эрдмийн 109-р бага сургууль, Налайх дүүргийн IV хорооны залуучууд дээр Залуучуудын зөвлөлийг байгуулж, санал хураалтаар дарга, дэд даргыг нь сонгосон байна. Дүүргийнхээ, байгууллагынхаа залуучуудыг төлөөлөн, тэдний дуу хоолойг зөвлөлөөрөө дамжуулан нийгэмд хүргэхийн төлөө Залуучуудын зөвлөлүүд идэвхтэй ажиллах л үлдлээ. Мөн цаашид МЗХ зөвхөн аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хамруулан Залуучуудын зөвлөл байгуулахаас гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиглэнгийн бараа зардаг болон хүнсний жижиг дэлгүүрүүдэд ажиллалаг зэрэг аливаа нэгэн газар харъяалагддаггүй залуучуудыг хамруулан залуучуудын зөвлөлийг байгуулах шаардлага байгааг олж харжээ.