logo
Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогоо Х.Тэмүүжин сайд танилцууллаа

Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогоо Х.Тэмүүжин сайд танилцууллаа

2013/03/08

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд салбарынхаа асуудлаар нээлттэй мэдээлэл хийдэг уламжлал тогтсоны дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зүйн шинэчлэлийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ салбарт өнгөрсөн онд шүүх, шүүгч, хуульчийн эрх зүйн байдлыг сайжруулсан хуулиуд батлуулсан. Харин одоо хууль сахиулагчдын эрх үүрэг, харилцан уялдааг тодруулсан зохицуулалт, зохион байгуулалт хэрэгтэй байна гэж Х.Тэмүүжин сайд хэллээ. Улс орны бүх салбарт голлон нөлөөлөх ач холбогдолтой ч шинэчлэл нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг гурван салбар байдгийн нэг нь хууль эрх зүй юм. Энэ чиглэлийн 36 хуульд өөрчлөлт оруулж байж энэ салбар бүхэлдээ зөв тогтолцоогоор ажиллах нөхцөл бүрдэнэ гэж Хууль зүйн сайд хэлээд, УИХ-ын хаврын чуулганаар 11 хуулийг хэлэлцүүлнэ гэлээ. 

Одоо мөрдөж буй хуулийн агуулгыг нэлээд нарийвчлан ангилсан эдгээр хууль батлагдвал шүүх, хууль зүйн үйлчилгээнд эргэлт гарч, иргэдээ айлгадаг биш хамгаалдаг, ойр дотно ажилладаг тогтолцоо бүрдэнэ гэж салбар хариуцсан сайд үзэж байна. Эрүүгийн, иргэний төрөлжсөн шүүх ажиллуулах, иргэдэд хуулийн үйлчилгээнүүдийг нэг дороос үзүүлэх төв байгуулах, 100 мянган хүн тутамд цагдаагийн хэлтэстэй болох зэрэг нь иргэдэд эерэг үр нөлөө үзүүлнэ. 

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 420 гаруй хууль байгаагаас зөрчлийн хэм хэмжээ тогтоосон зүйл заалттай нь 196 байдаг аж. Эдгээрийн 14-т нь “хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж ерөнхий байдлаар, 41-т нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр иш татан зохицуулж, бусад хуульд захиргааны зөрчлийг бүрэлдэхүүнээр нь тодорхойлж заасан байна. Иймд хариуцлагын хэм хэмжээг төрөлжүүлж, өөр хоорондоо зөрчилдсөн, давхардсаныг нь цэгцлэх ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, нэрнээсээ эхлээд заналхийлэл ханхлуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу жижиг зөрчил гаргасан, том гэмт хэрэг үйлдсэн хүний аль нь ч шоронд хоригдох зохицуулалттай байгаа. Энэ байдлыг өөрчлөн аль аль талын эрх үүргийн хэм хэмжээг ойлгомжтой болгох үүднээс Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг тусгайлсан хуулиуд гаргах юм. 

Гэмт хэргийн шийдвэрлэлт, иргэний эрх хамгааллыг сайжруулахаар нэн даруй хийх өөр нэг гол шинэчлэл бол гэрчийн хамгаалалтын систем. Амьд хүний гэрч байснаар үхсэн хүний дэр бол гэдэг үг хүртэл байдаг нь манай тогтолцоог илтгэх бодит дүр зураг. Эхний мэдүүлгээсээ буцах тохиолдол элбэг байгаа нь чухамдаа тэднийг төр хамгаалж чадахгүй байгаатай холбоотой. Иймд гэрч, хохирогчийг хамгаалах, үүний зэрэгцээ төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай тогтолцоо бүрдүүлэх юм. Энэ мэт шинэчлэлийн олон бодлого зорилтоо танилцуулсан нээлттэй ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр “Нийгмийн шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг Хууль зүйн яамнаас эхлүүлж буй шинэчлэлд санал бодлоо ирүүлээрэй. Өндөр хариуцлага шаарддаг энэ салбарыг дэлхий нийтийн жишиг хандлагад нийцүүлэхэд хууль сахиулагч, хууль хэрэгжүүлэгчийн аль аль нь чухал үүрэгтэй шүү” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш