Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд сайд С.Эрдэнэ үг хэлж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хүчирхийллийг эцэс болгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэв. Тэрээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээлэлдээ онцоллоо.
Шинэчлэлийн Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулж, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх", "Гэр бүлийн тухай", "Хүүхдийн эрхийг хамгаалах" тухай хуулиудыг тус тус шинэчлэн найруулж байгаа бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдэд хуулийн хамгаалалтыг бодит байдал дээр баталгаатай хүргэх нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг дурдав.