Өнгөрсөн баасан гаригт Япон анх удаа ижил хүйстэн хос хуримын ёслолоо хийлээ. Коюуки Хигаши болон Хироко хэмээх хоёр эмэгтэй Токиогийн Диснейлэндэд хувиараа хуримынхаа ёслолыг хийсэн байна. Лесби гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй зарим хүмүүст тэр дундаа эцэг эхдээ мэдэгдэхгүйн тулд Хироко өөрийн овгоо ил гаргахыг хүсээгүй ажээ. Хосууд хуримынхаа ёслолыг алдарт Диснейлэнд паркт хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. “Бидэнд маш олон хүн баяр хүргэсэн. Үнэхээр их аз жаргалтай байна” хэмээн Коюуки Хигаши хэлээд тэднийг хамтдаа амьдрахад олон саад бэрхшээлүүд, эсэргүүцэл тулгарч болох ч Япон улс цаашид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй. Хосуудын хуримд 300 орчим зочин хүрэлцэн иржээ. Гэсэн ч энэхүү хуримын ёслолд ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нь нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Японд ижил хүйстнүүдэд тийм ч таатай ханддаггүй бөгөөд гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөөтэйгүүр ижил хүйстнүүдийг хорих ямар нэгэн хууль байдаггүй байна.
Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгалан