logo
Дорноговьчууд 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ

Дорноговьчууд 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ

2013/03/14

Хол ойрын зоригчдыг үдэж угтах үүд хаалга болдог Дорноговь аймгийнхан 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ. Энэ аймагт аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бий. Дэлхийн өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон орчмын шашин-түүхийн дурсгалт газрууд аялагч жуулчдын сонирхол татдаг гол цөм нь юм. Сүүлийн жилүүдэд танин мэдэхүйн аяллаас гадна шашин мөргөл, бясалгалын аялал хөгжих хандлагатай байгааг аймгийн удирдлагууд хэлж байсан. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажилласан хоёр дахь өдрөө орон нутгийн зүгээс тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж буй “Дорнын говьд тавтай морилоорой” 2013 оны хөтөлбөр, төлөвлөгөө болон аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болсон үзмэрүүдтэй танилцлаа. 

Орон нутгийн төдийгүй үндэсний түүхээс зочид гийчдэд таниулах олон үзмэр аймгийн түүхийн музейд хадгалагдаж байна. Монгол нутагт хүн аж төрөх болсон, чулуу, төмрөөр зэвсэг урлаж сурсан үеэс авахуулаад нүүдэлчдийн олон үеийн түүх намтрыг илтгэх олдворуудаа палеонтологийн, байгаль ан амьтны, эртний түүхийн, говьчуудын аж байдлын, сүлд шүтээний, орчин үеийн гэсэн зургаан танхимд ангилан дэлгэжээ.

 

Амралтын өдрийг ч алгасалгүй байнгын ажиллагаатай байдаг тус музейн чухал үзмэрүүдийн тоонд 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн яс, далай тэнгисийн амьтан ургамлын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн чухал олдворууд багтдаг байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны сүүлчээр тус музейд зочлохдоо Чингис хааны дагуул тугийн нэг байсан гэх “Их цагаан сүлд”-ийг нь музейн брэнд болох ёстой хэмээн ач холбогдол өгч онцолсон байна. 

Сайншанд хотод өөр нэгэн томоохон музей ажилладаг нь ноён хутагт Данзанравжаагийн музей юм. Хутагтын үйл хэргийг илтгэх түүх дурсгалын үнэт эд зүйлсийг отгон шавийнх нь үр удам хамгаалан сахиж, Манжийн дарлал, их хэлмэгдүүлэлт зэрэг түүх соёлын өвд халдсан бэрх үеүдээс авч үлдэж чаджээ. 

Улмаар шашин ном нээлттэй болсон үед догшин ноён хутагтын эд хэрэгсэл, бичиг соёлын дурсгалыг дэлгэн харуулахаар тус музейг байгуулжээ. Хутагтын чандар, хувцас өмсгөл зэрэг материаллаг эд өлгийн зүйлсээс гадна оюун санааных нь тусгал болсон гар бичмэл, уран зураг, баримал зэрэг нэн ховор үнэт бүтээлүүд энд эх хувиараа хадгалагдаж байна. Алдарт “Саран хөхөө” дуулалт жүжгийн гар бичмэл, жүжигт хэрэглэж байсан хувцас, нүүрний будаг, шашны үйл хэргийнх нь элдэв төрлийн хэрэгсэл, тоглож байсан шатар нь хүртэл бүрэн бүтнээрээ байх аж.

 Монголын төдийгүй дэлхийн соёлын үнэт өв санд тооцогдох эдгээр дурсгалыг олон үе дамжуулан нандигнан хамгаалж, өдгөө ийм гайхам үзмэрүүд дэлгэсэн музей байгуулж талын нүүдэлчдийн соёл сэтгэлгээ, гайхамшигт чадварыг олон нийтэд таниулж байгаа музейн захирал Н.Алтангэрэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүн талархлаа илэрхийлсэн. Мөн улсын, хувийн гэж ялгалгүй дээрх хоёр музейд үнэт үзмэрээ найдвартай хамгаалахад нь дэмжлэг үзүүлэхээр Соёл спорт аялал жуулчлалын яамнаас зориулалтын камер, дохиоллын иж бүрэн хэрэгсэл бэлэглэлээ. 

Үүний дараа Засгийн газрын тэргүүн Хамрын хийд, Өвгөн суварга, Энергийн төвд очиж, байгалийн гайхамшигт чанар, ноён хутагтын хувилгаан чадварын нэгдэл дээр бий болсон шашин-түүхийн дурсгалтай танилцсан юм. Дэлхийн энергийн хоёр цөм төвийн нэг нь Гималайн оргилд, нөгөө нь Монголын говьд бий. Монголынх нь Хамрын хийд дэх энергийн төв хэмээн тайлбарлагч лам хэлж байв. Үүгээр ч зогсохгүй шашин мөргөлийн их газар Утай, Гүмбэнтэй ижил энерги увдистай газар орон Монголд хоёр байдгийн нэг нь мөн л энэ Шамбалын орон гэж тодотгосон юм.

 

Энэтхэг, Төвдийг зорих болсон дотоодын аялагчдаа төдийгүй гадаадын жуулчдыг татах өргөн боломж Дорноговьчуудад байгааг Ерөнхий сайд дурьдаад, төрийн зүгээс дэд бүцийн асуудлыг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэхээ хэлж, эхний ээлжинд Сайншандаас Хамрын хийд хүртэлх 42 км хатуу хучилттай авто замыг энэ намартаа барьж ашиглалтад оруулахаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Говийн бүсийн аялал жуулчлалын гол цөм болсон энэхүү газраас гадна байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий баян бүрд, элсэн манхан, ховор амьтан ургамал, нүүдэлчдийн ахуй соёлыг илтгэсэн баялаг үзмэрээ аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгоход орон нутгийн зүгээс санаачилгатай ажиллахыг мөн захилаа. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Замын-Үүд суманд ажиллаж, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын чанарыг сайжруулах, боомтын ачааллыг бууруулах, ложистикийн төв байгуулах зэрэг чухал асуудлаар орон нутгийн удирдлагуудтай уулзалтууд хийж, газар дээр нь биечлэн танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш