logo
БНХАУ-ын 106 иргэнийг  Монгол Улсаас албадан гаргажээ

БНХАУ-ын 106 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

2011/07/30
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, тоосго, төмрийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэд ажиллуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ. Энэ оны тавдугаар сарын 30-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ны өдрийн хооронд хийсэн шалгалтаар мэргэжилтний хөдөлмөр эрхлэлт, оршин суух зөвшөөрөл нь холбогдох хууль, журамд нийцэж буй эсэхийг газар дээр нь  шалгасан байна.  Шалгалтанд 61 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан гурван орны 2405 гадаадын иргэн хамрагджээ. Энэ үеэр бизнес ангиллын 30 хоногийн визээр орж ирэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 71 иргэнийг мөн визийн хугацаагаа хэтрүүлсэн БНХАУ-ын 35 иргэнийг тус Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан байна. Мөн паспорт, паспортыг орлох бичиг баримтыг биедээ авч яваагүй зөрчил гаргасан БНХАУ-ын 45 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгууль ноогдуулжээ. Шалгалтын явцад оршин суух зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагаасаа өөр аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөр эрхлэх явдал цөөнгүй байсныг илрүүлэн хуулийн дагуу нийтдээ 50 гаруй сая төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш