logo
Хятад иргэдийн визний наймааг 100 000 доллартай хоёр монгол атгаж байна

Хятад иргэдийн визний наймааг 100 000 доллартай хоёр монгол атгаж байна

2011/07/30
Уул уурхай, барилгын салбар хөгжихийн хэрээр урд хөршөөс олон тооны хар ажилчид орж ирж, визний хугацааг хэтрүүлж байгаа гэх хэл ам ихээхэн гарч байдаг. Түүнийг нь дагаад охид хүүхний наймаа гаарсан, хятад ажилчид Монголчуудыг бүлэглэн зодлоо, хүний аминд хүрлээ гэх нэлээдгүй таагүй хэргүүд шил шилээ даран гардаг нь хэдийнэ хэвшил болох дөхөж байна. Тэр ч утгаараа үе үе оршин суух эрх хэтэрсэн Хятад ажилчдыг албадан гаргах ажиллагаа зохион байгуулж байгаа ч үр дүн багатай байгаагийн дээр Хятад иргэдийг хуулиас гадуур орогнуулах, хуулийн цоорхой ашиглан олноор нь оруулж ирэх хэрэг нарийн зохион байгуулалтанд орсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гадаадын хөрөнгө оруулагч гэх нэрийн доор олон тооны Хятад иргэдийг 5 жилийн виз олгуулан Монголд орогнуулж  буй хэсэг бүлэг хүмүүс байгаа гэх мэдээлэл байна. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статус нь 100 мянган доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдийг хэлдэг байна. Гэтэл манай улсын 2 ч иргэн 100 мянган долларыг Хятад иргэдийн нэр дээр түр дансанд байршуулж, Монголын талаас виз хүсдэг байна. Тэгээд оршин суух урт хугацааны эрх олгогдонгуут түр данснаас мөнгөө буцаан авч, ажлынхаа хөлсөнд Хятад иргэдээс багагүй хэмжээний мөнгө салгадаг аж. Үүнтэй ижил төстэй, тухайлбал банкны баталгаа, виз гаргаж өгөх үйлчилгээ зэрэг сүлжээний хууль бус бизнес ихээхэн цэцэглэж байсан бол хамгийн их мөнгө эргэлдүүлэн хууль гажуудуулсан хэрэг нь энэ болж байгаа юм байна. Иймэрхүү ард иргэд төр улсыг луйвардаж буй хэргийг хууль хяналтынхан анхааралдаа авч нэг тийш болгох цаг хэдийнэ болоод байгааг сануулах юун.

Э.Болор
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш