logo
Төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2013/03/15
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу нар өнөөдөр Төрийн ордонд хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа.
   Монгол Улсын Их Хурал болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт 2013-2016 онд хамтран хэрэгжүүлэх энэхүү хоёр төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцов.

    “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих ньхэмээх төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монголд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн байгууллын хөгжлийн 20 жилийн туршлага, сургамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, цаашид ардчиллын институцийн шударга ажиллагааг хангахад чухал шаардлагатай хяналт-тэнцвэр, төрийн эрх мэдлийн тусгаарлалтын тогтолцоонд ерөнхий тохиргоо хийхэд чиглэсэн институцийн шинэтгэлийн талаар зөвшилцлийг бий болгох зорилготой юм байна. Түүнчлэн бодлого, хуулийн төсөл боловсруулах ажиллагааг боловсронгуй болгох, засаглалын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй хуулийн төсөл боловсруулахын өмнө бодлогын судалгаа хийх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй талуудтай зөвлөлдөх, хууль боловсруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, сонирхогч талуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үр нөлөөтэй арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар иргэд, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын холбоог бэхжүүлэхэд чиглэж буй аж. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль, тогтоомж, практикийг конвенцид нийцүүлэх, төрийн албан хаагчдын сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хуулийг хэрэгжүүлэхэд мөн төслийн үйл ажиллагаа чиглэгдэх юм байна.

  Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо, Хууль зүйн Байнгын хороо, Өргөдлийн Байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллаж хууль боловсруулах үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, хуулийн төслийг иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд гол талуудтай зөвлөлгөөн хийх чадавхийг Байнгын хорооны гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад бий болгохыг зорьж байгаа юм.

     Харин гарын үсэг зурсан хоёр дахь төсөл нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэжээ. Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд энэ төслийн зорилго оршиж байгаа аж.

     ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, Хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм, журмыг ч боловсруулах юм байна. Сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой аж.

    Төслийн эхний үйл ажиллагаа орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2012 оны сонгуулийн үр дүнд аймаг, сум, дүүргийн ИТХ-д шинээр сонгогдсон бүх төлөөлөгчийг 2013 онд багтаан сургахад чиглэгдэх юм байна.

    Эдгээр төслийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар байх юм. Түүнчлэн төслүүдийн санхүүжилт 4.5 сая ам.доллар бөгөөд үүний 3.0 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг гаргаж байгаа аж.

    Төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын Их Хуралтай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж буйг дурдаад, өнөөдрийн энэ баримт бичгүүдэд гарын үсэг зурж буй үйл ажиллагаа нь хоёр талын хамтын харилцаанд нэгэн шинэ хуудас нээж байна хэмээн онцлон тэмдэглэв.

    Төслүүд хэрэгжсэнээр шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн шинэтгэл, төрийн байгууллын хөгжлийн 20 гаруй жилийн туршлага, сургамжийн байдалд шинжилгээ хийгдэж, цаашид ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлээр хийгдэх ажилд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомж, практикийг мөн конвенцид нийцүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд төсөл чиглэгдэнэ гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх болно гэдгийг тэрээр дурдсан.

   Энэ төслийг хэрэгжүүлэх талаар санаачлага гарган ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Фелман, орлогч суурин төлөөлөгч Дипак Элмер нарт УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийллээ.

    Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу энэ үеэр үг хэлж, хоёр төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр талын хамтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, баримт бичигт гарын үсэг зурахад хүрэлцэн ирсэн эрхэм УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, албаны хүмүүст талархаж буйгаа тэрээр дуулгасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш