logo
Прокурорууд сургалтад хамрагдаж, туршлага солилцов

Прокурорууд сургалтад хамрагдаж, туршлага солилцов

2013/03/15
Монгол Улсын Ерөнхий Прокурорын туслах, ЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбатаар ахлуулсан ЕПГ-ын болон аймаг, нийслэлийн дүүргүүдийн 20 прокурор энэ сарын 11-15-нд Анкарад Хууль зүйн академийн “Шүүхийн шинжилгээ”-ний сургалтад хамрагдаж, туршлага солилцов. Манай прокуроруудыг Түркийн Дээд шүүхийн ерөнхий прокурор Хасан Эрбил хүлээн авч уулзан, зоог барилаа. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг прокуроруудыг энэ сарын 13-нд ЭСЯ-ны байранд  хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, ялангуяа хууль сахиулах болон хүчний байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярьж танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Түркт өнгөрсөн оны 6 дугаар сард айлчлахдаа Түркийн Дээд шүүхийн ерөнхий прокурор Хасан Эрбилтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монголын прокуроруудыг Түркт магистраар сургах, богино хугацааны сургалтад хамруулах, Монголд прокурорын сургалт, судалгааны төв байгуулахад болон прокурорын мэргэжлийн хувцсыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр тохиролцож санамж бичиг байгуулсан юм.

Түүнээс хойш хоёр улсын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа тогтмолжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр манай 10 прокурор тус улсад зочилж, туршлага судалсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш