Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчдаа.
Хилийн чанадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар аа.
Нийт бие бүрэлдхүүний ар гэрийнхэн, дайнд оролцсон болон бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид аа.
Өнөөдөр бид Монгол цэргийн өдрийг алдаршуулан тэмдэглэж байна. УИХ–аас 2011 оны хоёрдугаар сарын 9-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр жил бүрийн энэ өдрийг Монгол Улс даяар хүндэтгэн тэмдэглэх өдөр болгон баталгаажуулж, хуульчилсан билээ. Учир нь хүн төрөлхтөнд төрт ёсыг анхлан танилцуулж, бий болгосон, дэлхийн улс үндэстнүүдийг агуу их хаад, жанждуудынхаа суу билэг, зарлигийн дор нэгтгэж, амар амгалан, хөгжил цэцэглэлтийн зам мөрийн эхлэлийг тавьсан гайхамшигт Монгол цэргийн түүх маань өөрөө Монгол Улсын түүх юм. Тэгэхээр энэ өдөр, энэ баяр зөвхөн нэг салбарын баяр биш, монгол хүн бүрийн баяр, эх орон, тусгаар тогтнол, үүх түүхээрээ, өвөг дээдсээрээ, эр цэргээрээ бахархан омогших ёстой гүн хүндэтгэл, утга учир агуулсан баярын өдөр билээ. Монголын анхны төрт улс Хүннү гүрэн, Атилла хаанаас эхлэн Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын буурал түүхийг өртөөлөн, монгол цэргийн ялгуусан уламжлалыг өвлөн, нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж буй та бүхэндээ 2000 гаруй жилийн түүхт МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН баярыг хүргэж, Батлан хамгаалахын Сайдын Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол орны хөгжил, цэцэглэлт, ардчилсан нийгмийн үнэ цэнэ ямагт улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай амин холбоотой бөгөөд энэ бүхний баталгаа болсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, биелүүлсээр байгаа гавъяатай юм. Эх орон, газар шороо, ард олноо хамгаалан, төр түмнийхээ итгэл найдварыг хүлээж, тусгаар тогтнолоо сахин хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үйлсийнхээ төлөө, амь нас, амьдрал, эрдэм чадлаа зориулсан үе үеийн цэрэг дайчдынхаа гавъяат үйлсийг энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна. 1990 оноос эхэлсэн мэрэгжлийн чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа маань та бидний бахархал билээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг цаашид улам гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх нь манай салбарын гол зорилт юм.
Өнөөдөр дэлхий дахин монгол цэргийн авхаалж, самбаа, ур чадвар, үүрэгтэй үнэнч, эрэлхэг чанарыг бахдан, үлгэр дуурайлаа болгож байгааг та бид мэднэ. Монгол цэрэг, дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж , улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг бахархахгүй байхын аргагүй. Монголын Зэвсэгт хүчний дайчин алдрын түүхийг улам батжуулан хөгжүүлэх, салбарын өмнө тавьж буй төрийн бодлого, зорилтыг бүтээлчээр хэрэгжүүлэх нь Та бидний эрхэм үүрэг гэдгийг энэ өдөр онцлон тэмдэглэж хэлэх учиртай юм.
Билэг ерөөл дүүрэн энэ өдөр Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг, ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, компаниудад баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улс мандан бадраг. Монгол цэргийн сүлд хийморь,
зориг золбоо үеийн үед өөдөө байг. Хурай, хурай , хурай.