logo
Налайх дүүрэгт хамтарсан шалгалт үргэлжилж байна

Налайх дүүрэгт хамтарсан шалгалт үргэлжилж байна

2013/03/15

МХЕГ-ын байцаагчид Налайхын хувиараа нүүрс олборлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Тус шалгалтын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хангаж хэрэгжүүлж байгааг шалгах, Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцаж урьд онуудад гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн акттай тулган шалгах, хийгдээгүй нөхөн сэргээлтийг хийлгэх арга хэмжээ авах, улсын байцагчаас өмнө нь өгсөн албан шаардлага, акт, тэдгээрийн биелэлтийг шалгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар уурхайн бэхэлгээ, агааржуулалт, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, малталтын хөндлөн огтлол, малталтын налууг газар дээр нь шалгах зэрэг ажлууд зохион байгуулж байна. 

МХЕГ-ын Байгал орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнхтамир:  

munkhtamir-Энд 200 орчим далд уурхайд 1500 гаруй хүн ажиллаж байснаас 28 уурхай нь л тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдий зөвшөөрөлтэй ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник, эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчны үнэлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор одоогоор 185 уурхайн амны үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна. Холбогдох яамнаас хууль бусаар нүүрс олборлогчдыг нөхөрлөл байгуулаад, хууль журмын дагуу лиценз эзэмшээд үйл ажиллагаа явуулж болно гэдэг чиглэл өгсөн ч хэрэгжсэн зүйл ажиглагдахгүй байна. Хүмүүс бичил уурхай, хууль бус олборлогчдын ялгааг ойлгох хэрэгтэй. Хууль бусаар олборлож байна гэдэг чинь мэргэжлийн бус, аюулгүй байдлаа хангаагүй, хэн дуртай нь энэ ажлыг хулгайгаар хийж байна гэсэн үг. Үүнийг цэгцлэх цаг нь болсон.


Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Л.Цогтхүү:

tsogthuu-Цаашид Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлолтыг зогсоож, ажилчдыг нь өөр газарт ажиллуулах байдлаар зохицуулна. Өөрсдийнх нь болон ард иргэд, ар гэрийнх нь санал хүсэлтийг шат шатны удирдлагууд сонсож, хамтран шийдэлд хүрнэ. Гол зөрчил нь далд уурхайчин гэдэг бол мэргэжлийн, аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгэхэд дуртай нэг нь хийж байна. Хараа хяналтгүй олон жил боллоо. Одоо цэгцлэх цаг нь болсон. Бүх зүйл нь нарийн тооцоо, дэглэм, журамтай байх ёстой. Сүүлийн арав гаруй жилд л гэхэд 200 гаруй хүн амь үрэгдэж, түүнээс олон хүн бэртсэн байдаг.


Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа:

bayaraa-Уурхайн хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийхэд үнэхээр шаардлага хангахгүй байна. Амны налуугийн хэмжээ 40 градусаас доош нөхцөлд ажиллаж гарч байгаа нүүрсээ троссоор татаж, буулгах маягаар ажиллаж байна. Агааржуулалт, хамгаалалтын хувцас, багаж, хэрэгсэл алга. Нэг аманд 8-9 хүн ажиллахын зэрэгцээ хөдөлмөр аюулгүй байдлын талаар асуухаар ажилчид маань манай дүү нар, тийм болохоор гомдол санал тавиад байдаггүй гэх юм. Энд ажиллаж байгаа хүмүүс тоосгоны үйлдвэрт ажиллахаар 200-250 мянган төгрөгийн цалинтай байдаг шиг байгаа юм. Харин нүүрсээ ийм байдлаар ухвал сард 800-1000.000 төгрөг олдог шиг байна. Мөнгөө бодоод амь нас, амьдралаа золионд гаргаж байгааг ойлгож байгаа ч цаашид ийм байдлаар явж болохгүй.


Шалгалтын дүнг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан ирэх сарын 01-ны дотор Уул уурхайн сайдын зөвлөлд танилцуулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш