logo
Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ

Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ

2013/03/15
Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах ажлын хэсгийг 2012 оны 8 дугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.
Тус ажлын хэсэг Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад  нийцүүлэн, хотын төвөөс алслагдсан 5 газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг нүүлгэх ажлыг судалжээ.

Эдгээрээс СХД-ийн 6-р хороонд 9 га газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барих боломжтой гэж үзсэн байна. Энэхүү хэсэг бол НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөх эхний хэсгийн байршилд орсон газар бөгөөд, инженерийн дэд бүтцэд холбогдох бүрэн боломжтой юм байна. Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу СХД-ийн 5, 6, 7 дугаар хорооны 130 газарт дахин төлөвлөлт хийхээр НИТХ-ын тогтоол гарсан бөгөөд энэ хэсгийн 9 га газрыг сонгон   хотын захиргааны шинэ цогцолборыг барих юм. Энэхүү 9 га газарт 19 айл, 1 ШТС байгаа бөгөөд газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөө төлөвлөж байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Хотын шинэ дэд төвд байрлах хотын захиргааны цогцолборыг барихад нийтдээ 37,1 тэрбум төгрөг шаардлагатай гэж ажлын хэсэг тооцсон байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгатай хамт хотын захиргааны цогцолбор барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлаа эхэлж чадвал 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах боломжтой гэж урдчилсан байдлаар төлөвлөсөн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд СХД-ийн 6-р хороонд байрлах 9 га газарт хотын захиргааны цогцолборыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжлээ. Нэгэнт НИТХ-аас тогтоосон гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан газар учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын захиргааны цогцолбор барих газрыг батлахаар болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш