Дэлхийн топ-5 загвар өмсөгчийн нэг Синди Кроуфордыг Холливудын алдарт жүжигчин Ричард Гиртэй гэрлэж байсныг зарим нь андахгүй. Тэдний хамтын амьдрал дөрөвхөн жил үргэлжилсэн бөгөөд 1995 онд хоёр тийшээ болцгоосон юм. Тэгвэл саяхан топ модель маань “Oprah's Master Class “ нэвтрүүлэгт оролцож, өөрийн анхны гэрлэлтийнхээ талаар илэн далангүй ярилцжээ. Тэрээр Ричард Гирээс салах болсон гол шалтгаанаа насны зөрүүтэй холбон тайлбарлаж байлаа. Синди Ричардтай гэрлэх үед 21 настай байсан бөгөөд Ричард аль хэдийн 38 хүрсэн байжээ. Өөрөөр хэлбэл хосууд хоорондоо 17 насны зөрүүтэй байсан юм. Энэ тухайгаа тэрээр “21 настай байхдаа би Ричардтай танилцаж байсан. Тэр үеэс л би олны танил болж эхэлсэн. Эмэгтэйчүүдийн хувьд 20 нас гэдэг өөрийн дотоод хүч чадлаа мэдэрч, өөрийнхөөрөө амьдралаа эхлүүлдэг үе. Гэтэл энэ үед хэн нэгнээс хамааралтай болчихвол амьдралаа өөрчлөхөд хэцүү. Би урсгалаараа амьдрахыг хүсээгүй. Зарим үед амьдралаа удирдахыг хүсэж байлаа. Ричардыг яаж шүтэн бишрэгчдээрээ хүрээлүүлж байхыг харахад сайхан байсан. Ихэнх тохиолдолд түүнд хүмүүстэй зураг авахуулж, гарын үсгээ өгч, гар барих ч боломж олддоггүй байсан” хэмээн ярьжээ. Синди Ричардаас салаад 1998 онд томоохон рестораны эзэн, саятан Ренд Гербертэй гэрлэсэн. Тэд одоо хоёр хүүхдийн эцэг эх бөгөөд тэдний хүү Преслей 13 настай, охин Кайа нь 11 настай. Ричардын хувьд 2002 онд загвар өмсөгч, жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлэж Хомер хэмээх хүүтэй болсон. Хэдийгээр Синди Ричард нарын гэрлэлт үүрдийнх байгаагүй ч загвар өмсөгч бүсгүй үүнийг алдаа гэж үздэггүй болохоо хэллээ. “Ричард бол үнэхээр гайхалтай залуу, маш сонирхолтой. Би түүнээс маш олон зүйлийг сурсан. Түүнтэй өнгөрүүлсэн цаг үеүд бол миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан” хэмээн Синди Кроуфорд хэлж байлаа.
Д.Амар
Д.Амар