Аюулгүй хагалгааны хяналтын хуудсыг гуравдагч шатлалын эмнэлэгт нэвтрүүлэх төслийн хүрээнд өчигдөр ЭМЯ дээр сургалт зохион байгуулагдаж, эмч нарт гарын авлага, танилцуулах материалыг тараасан байна.
Тус уулзалт семинарыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-Уг нар үг хэллээ. Төслийн зорилго нь мэс заслын тусламжтай холбоотой хүндрэл, нас баралтын тохиолдол бууруулахад чиглэсэн байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсад мэс заслын тусламж олон төрөл, чиглэлээр хурдацтай хөгжиж байгаагийн зэрэгцээ мэс заслын аюулгүй байдлыг хангаж, мэс заслын эмчилгээний хүндрэл, мэс заслын дараах нас баралтын тохиолдлыг гаргахгүй байх нь тусламж үйлчилгээний чанар, үр дүнд ихээхэн нөлөөлнө. ДЭМБ үүнд анхаарлаа хандуулж, өвчтөний аюулгүй байдлын талаар “Аюулгүй мэс засал амьдралыг аварна” хэмээх санал санаачлага гарган, олон улс орнуудад санал, зөвлөмж болгож, гарын авлага материалаар хангаж байна.
Хяналтын хуудсыг ашиглаж сурснаар хагалгаанд орох өвчтөн андуурагдах, хагалгааны талбай солигдох, бинт хөвөн, шаариг, багаж хэрэгслээ хэвлийн хөндийд орхих, өвчтөнг түлэх, гэмтээх гэх мэт олон эрсдэлээс хамгаалах нөхцөл боломж бүрдэх юм.
Тиймээс өнөөдөр өвчтөний аюулгүй байдлын талаар санал солилцох, ярилцах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хяналтын хуудасны чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж гарахад энэхүү уулзалт семинар чиглэгдэх байна.
Өнөөдөр манай оронд төдийгүй дэлхий дахинд ч хүний эрүүл мэнд, гоо сайхан, биеийн хүч тамир, амьдралын чанарыг сайжруулахын төлөө хийгдэх мэс ажилбарын шинэ дэвшилтэт техник, технологи анагаах ухааны салбарт нэвтэрснээр мэс ажилбарын тоо, төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дэлхий дахинд жил бүр 234 сая мэс ажилбар хийгддэг ба ДЭМБ-ын санал болгож буй хагалгааны аюулгүй хуудсыг үр дүнтэй хэрэгжүүлснээр жилд багадаа хагас сая хүний амь насыг хамгаалж болох юм гэж ДЭМБ зөвлөжээ.
Уулзалт семинарын үеэр “Мандал Женерал Даатгал” ХХК нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Аюулгүй мэс засал амь нас аварна” хөтөлбөрийн удирдагч Атул Гавандэгийн зохиол “Хяналтын хуудас” номыг 1000 ширхэгийг хэвлэн оролцогчдод түгээлээ. Тус уулзалт семинарыг цаг үеэ олсон эрэлт хэрэгцээтэй, ач холбогдолтой уулзалт боллоо гэж уулзалт семинарт оролцогчид дүгнэлээ.
Уулзалтад ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн болон Эрүүл мэндийн яамны харьяа төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтнүүд, 1,3 дугаар амаржих төвүүдийн удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцлоо.