logo
“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ

2013/03/16

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан өнөөдөр ЭМЯ дээр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хурлаар 3 дугаар сарын 18-ны тэмдэглэлт өдөр эрчүүдэд зориулан зохион байгуулагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бусад зохиогдох арга хэмжээний талаар танилцуулав.

2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайдын 74 тоот тушаал гарчээ.  Энэхүү арга хэмжээний хүрээнд УДЭТ-д “Эрчүүдээ ХАЙРЛАЯ” сэдэвт лекцэд бүх эрчүүд болон салбарын эмэгтэй ажилчдын хань, ар гэрийнхнийг өргөн оролцуулах, Төв талбайд эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж эрэгтэйчүүдийг үзлэг зөвлөгөөнд хамруулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна. Тиймээс энэ өдөртэй холбогдуулан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн гол эрсдэл болох архийг багасгах зорилгоор Нийслэлийн засаг даргад 3 дугаар сарын 18-ны өдрийг архи худалдаалахгүй өдөр болгох талаар хамтран ажиллах санал хүргүүлээд байна.

Монгол улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.68, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,76 байгаа болон 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3 дахин өндөр байна. Эрэгтэйчүүдийн нас баралт Монголд насны бүх бүлэгт ихсэж байна. Энэ хандлага түшгүүртэй хэмжээнд хүрчээ.

Энэ байдалд үндэслэн эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлага гарч байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна.

Хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д. Оюунчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Г.Соёлгэрэл, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал нар оролцон мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш