logo
А.Мөнхбат: Үндсэн хуулийн зорилтоо хэрэгжүүлье гэвэл нам гэдэг зүйлийг цэгцлэх ёстой

А.Мөнхбат: Үндсэн хуулийн зорилтоо хэрэгжүүлье гэвэл нам гэдэг зүйлийг цэгцлэх ёстой

2013/03/16
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.
-Залуучуудыг улс төрийн намын хатуу гишүүнчлэлгүй болгох талаар танай холбооноос хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Яагаад заавал ийм асуудлыг оруулж байгаа юм бэ?
-Үүнийг ярихын өмнө лобби бүлгийн талаар яримаар байна. Өнгөрсөн жил УИХ-д “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулагдсан. Энэ бүлэгт 43 гишүүн нэгдчихсэн байна. Хэдийгээр энэ нь албан ёсны бүлэг ч гэлээ УИХ-ын хэмжээнд байгаа бусад албан бус бүлгүүдээс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь. Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, дэд даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа нар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд залуучуудын асуудалд парламентын түвшинд хэрхэн ач холбогдол өгч байгаа нь удирдлагуудынх нь намын харъяаллаас харагдаж байгаа юм. Лобби бүлэг хэдийгээр өнгөрөгч хавар байгуулагдсан ч УИХ-ын бүтцийн байгууллагуудыг байгуулах, ирэх оны төсвийг хэлэлцэх гэх мэт цаг хугацааны тулгамдсан асуудлын улмаас тийм ч тодорхой ажил хийж чадаагүй. Гэхдээ дэд дарга нар болон зарим гишүүд хамтран хүүхдийн паркийн асуудлаар асуулга тавих гэх мэт ажлуудыг хийсэн. Харин энэ хавраас бидний ажил илүү тодорхой зүйлд чиглэж, залуучуудын нийтлэг эрх ашгийг хангахуйц хуулийн төслүүдийг оруулж эхэлье гэж зорьсон. Тиймээс залуучуудын холбооны дэргэд байгуулсан Хууль эрхзүйн хорооны залуус ярилцаж байгаад эхний ээлжинд дөрвөн хуулийн төсөл дээр тулж ажиллая гэсэн юм. Үүний нэг нь Улс төрийн намын тухай хууль буюу залуучуудыг намын хатуу гишүүнчлэлгүй болгох тухай асуудал юм.
-Залуучуудыг намын гишүүнчлэлгүй болгох нь тийм их шаардлагатай зүйл гэж үү?
-Өнөөдөр манай улс төр үндсэндээ хоёр намын туйл руу хуваагдчихсан. Гуравдагч хүчний орон зай гэх нэрийдлээр төрийн бус байгууллагуудын дуу хоолойг сонсъё гэх боловч нөгөө хоёр нам дээр очиж зогсдог дүр зураг харагддаг шүү дээ. Нам гэдэг иргэдтэйгээ хамгийн ойрхон байх учиртай. Түүн дээрээ тулгуурлан иргэдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, дэмжлэг авбал төр барьдаг субьект. Гэтэл өнөөдөр энэ байдал нь эсрэгээрээ байна. Иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний төлөө үйлчилдэггүй, цөөхөн эрх мэдэлтэй хүмүүсийн төлөө ажилладаг. Тэдэндээ л үг дуугүй үйлчилж байвал дарга болох эрхээ өв уламжлүүлж авдаг байдалтай л байна шүү дээ. Тиймээс шууд ардчиллыг хөгжүүлье, улс орноо ардчилсан, иргэний хүмүүнлэг улс болгох Үндсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлье гэж байгаа юм бол тээг болоод байгаа нам гэдэг зүйлээ цэгцэлье л гэж байгаа юм. Ингэхдээ гишүүнчлэлээс татгалзахаас эхлэх хэрэгтэй.
-Холбооноос гаргасан санаачилгад 40 хүртэлх насны залуучууд гэсэн байсан. Яагаад заавал 40 нас гэж. Өнөөгийн манай улс төрд залуучууд олон бий шүү дээ. Харин ч залуучуудаа дэмжих ёстой бус уу?
-40 хүртэлх насны залуучуудыг гишүүнчлэлгүй болгох ажлыг санаачилж байгаа. Намчирхаж хуваагддаг, нам нь өөрөө нам шиг биш байгаа өнөөгийн тохиолдолд эцсийн хохирогч нь дандаа ард түмэн байдаг. Тэр дундаа ид төлөвших гэж яваа залуучууд байгаа учир энэ тал дээр дорвитой санаачилга гаргахаар зорьж байгаа юм. 40 насны монгол залуучуудыг хуваахгүй, хагалахгүй, сатааруулахгүй, толгойг нь эргүүлэхгүйгээр нэг номерын үүрэг болох сурах үүргийг нь л өгье. Залуустаа сурах, сурсны дараа гэр бүлээ төвхнүүлэх, улмаар үзэл бодлоо нэгтгэх боломжийг нь олгоё. Энэ бүхнийг хийсэн хүн төлөвшдөг. Ийм хүн улс төр, ардчилал, төрийн бүтцийг жинхэнэ агуулгаар нь таньж, өөрийн амьдрал дээр ойлгож, мэдэрсэн байдаг. Тиймээс ачаа үүрэх хэмжээнд хүрсэн гэж үзэн 40  нас гэсэн юм. Ийм насны хүн үзэл бодолдоо тууштай, юмны үнэ цэнийг мэдэрсэн, баялаг бүтээгч болж чадсан байдаг.
-Хаврын чуулган эхэлмэгц УИХ-ын гишүүдээс Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа. Энэ нь танай холбооноос гаргасан саналаас өөр агуулгатай. Тиймээс гишүүнчлэлгүй болгох төслийг гишүүд хэр дэмжих бол?
-Залуучууд нь санал гаргахад хүлээж авахгүй гишүүн гэж байхгүй байлгүй дээ. Нөгөө талаас ашиг сонирхол нь эх орныхоо төлөө, улсаа хөгжлийн зөв голдиролд оруулахыг хүсч байна уу гэдэг нь үүнээс харагдана. Санаачилга доороос гарахад дээр сууж байгаа ард түмний төлөөлөл болсон хүмүүс түүнийг нь дэмжээд улам бүр шүүсийг нь шахаж, алдаа байвал ойлгуулаад явах нь тэдний үүрэг. Тиймээс гишүүдийг уг асуудлаас дөлж зугтаах эсвэл аль нэг намын амбиц ярихгүйгээр тулхтай хандана гэдэгт найдаж байна.
-Хуулийн төсөл хэрэв батлагдвал өнөөдрийн манай төрийн тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөнө гэсэн үг үү?
-Хамгийн эхний гарах үр дүн нь маш олон барьцаалагдсан залуучуудын нуруу тэнийх байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, учраа мэдэхгүй байхдаа намын хаяг зүүчихсэн, түүнээсээ болоод ажил амьдралаараа хохирсон маш олон залуус бий. Тэдэнд ахин нэг удаа өөрийгөө сорьж үзэх боломж нээгдэх байх гэж харж байгаа. Дараагийн хүлээлт бол сэтгэлгээний хувьд бид маш олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрээс удирдаад, удирдсаныг иргэн биелүүлдэг сэтгэлгээгээр явж иржээ. Харин өнөөдөр иргэн юу хүсч байгааг төр нь анхаарч, улмаар хэрхэн ажиллахаа төлөвлөдөг тийм холбоо үүсчихсэн байна. Иргэн энэ бүхнийг ойлгочихоод байтал дунд нь байгаа нам түүнийг ойлгохгүй байгаад хамаг учир байгаа юм.
-Нам гишүүнчлэлгүй болчихвол парламентаа хэрхэн бүрдүүлэх вэ?
-Энэ бүх зам Үндсэн хуулиар олгогдсон. Гэтэл өнөөдөр ард нь улс төрийн намын тухай хууль гэж органик хууль гаргангуутаа түүгээр өөрсдөдөө тохирсон зүйлийг хийгээд байгаа байхгүй юу. Жишээгээр ярья л даа. Хэрэв нэг нам тухайн жилд бизнесийн орчныг сайжруулъя гэсэн зорилт тавьсан байвал уг бодлогыг хэрэгжүүлж, ард түмний итгэлийг хүлээж чадахуйц мэргэжилтэй, мэргэшсэн залуусыг намдаа урьж, нэр дэвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл, “Манай намын өмнөөс дэвшээч” гэж гуйна.
-Та хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах ёстой гэж байсан. Үнэхээр намыг гишүүнчлэлгүй болголоо гэхэд цаг хугацааны хувьд тийм ч хурдан биелэлээ олж чадахгүй болов уу?
-Энэ ойлголттойгоо зууралдаад байх тусам тухайн хүн өөрийн амьдралд тохиох үнэ боломжуудаа түлхээд байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, бид өөрсдөө намын гишүүн гэж багаасаа гүйсэн, буруу юм байна гэдгийг нь мэдэрсэн учир хүүхдүүдээ тийм замд оруулмааргүй байна шүү дээ. Тиймээс бид бүгдээрээ зоригтойгоор үгүй гэж хэлэн, нэгэн зэрэг гараа өргөх зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн бүхнийг мартаад л явмаар байна, ердөө л тэр.
-Энэ тал дээрх дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ?
-Дийлэнх улсууд нь тийм болчихсон.
-Тэд цаг хугацааны хувьд хэр удаан төлөвшсөн бол?
-Ер нь аливаа зүйлд шилжилтийн ойлголт байна. Социализмын үеийн тогтолцооны шинэчлэл өнөөдрийг хүртэл үргэлжилж л байна. Жишээ нь гэхэд, манай зарим оюутнууд шинэ нийгэмд төрсөн атал биднээс илүү социалист зүйл ярьдаг. Биднээс долоон дор нийгмээ таниагүй байдаг. Энэ бүхэн нь шинэ тогтолцоо ямар удаан үргэлжилдгийг харуулж байгаа юм. Тиймээс нэлээд ажиллах л шаардлагатай гэсэн үг л дээ.
-Таны яриа лобби бүлгээр эхэлсэн болохоор лобби бүлгийн талаар тодруулмаар байна. Лобби бүлэг байхын эцсийн ач холбогдол нь юу юм бэ?
-Манай өнөөдрийн УИХ-ын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад лобби бүлгийн талаар огт дурдаагүй байдаг. Зүй нь дэмжлэг бүрдүүлж байж тухайн хууль батлагддаг. Түүнээс бус намын даргын даалгавар, эсвэл аль нэг компанийн захиалгаар хууль баталдаггүй. Харамсалтай нь өнөөдөр ийм жишгээр хууль төрж байна. Тиймээс бид нээлттэй, явуулах үйл ажиллагаа нь тодорхой, төрийн ажилд оролцох нэг хэлбэрийг нэвтрүүлсэн нь лобби бүлэг. Ийм бүлэг байгуулагдсанаар асуудлыг маш олон талаас нь ярих боломж бүрдэж байгаа юм. Өөр нэг давуу тал нь асуудлыг илүү онцгойруулах арга хэлбэр юм. Олон нийтийн анхааралд илүү хүргэж байж асуудлыг авч гарах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Өнөөдөр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслийг намын бүлгүүд дээр хэрхэн яригдсанаас шалгаалж, дараагийн шат буюу байнгын хороогоор ярьдаг. Яг үүнтэй ижил маш тодорхой лобби бүлэг ажиллаад эхлэх юм бол зөвхөн намын бус асуудлынхаа эрх ашгаар цуглах боломж бүрдэж байгаа юм.
-Тэгвэл зорилго нэгтэй хэсэг бүлэг хүмүүс хамтарч УИХ-д лобби бүлэг байгуулж болох нь ээ?
-Тийм. Өөрөөр хэлбэл лобби бүлгийг маш олон чиглэлээр ажиллуулж болно. Тухайлбал, олны анхааралд буй төмөр замын асуудал, Сайншандын аж үйлдвэрийн парк, эсвэл арьс ширний үйлдвэрлэгчдийн асуудлаар ч лобби бүлэг байгуулж болно. Гэхдээ уг лобби бүлэг маань гишүүдийг зөв мэдээллээр хангах, хийгдэж байгаа хуулийг ашиг сонирхлын зөрчилгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, лобби бүлэг гэдэг бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсэг бүлгийн хууль гаргах процесст оролцож байгаа шууд ардчиллын нэг хэлбэр юм.
-Одоогоор манай УИХ-д хичнээн лобби бүлэг байгаа вэ?
-Эмэгтэйчүүдийн, Авлигын эсрэг парламентчдын гэсэн лобби бүлгүүд залуучуудын бүлгийн дараа байгуулагдсан.
Эх сурвалж: “Өдрийн сонин” Т.Гэрэлмаа
/Жич: МЗХ-ны хүсэлтээр нийтлэв/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш