logo
 МҮОНТВ-ийн “Гараг” продакшны захирал, яруу найрагч Г.Бадамсамбуу: Дэлхийн сүүлчийн яруу найрагчид өнөөдөр амьдарч байж ч магадгүй

МҮОНТВ-ийн “Гараг” продакшны захирал, яруу найрагч Г.Бадамсамбуу: Дэлхийн сүүлчийн яруу найрагчид өнөөдөр амьдарч байж ч магадгүй

2013/03/16
“Аялалын цаг” нэвтрүүлгийн тухайд
Аялалын цаг нэвтрүүлгийг хийхийн тулд 1998 онд “Гараг” продакшныг  байгуулж, 1999 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн. Үндсэндээ 14 жил аялачихсан байна. Би ер нь багын адал  явдалд дуртай, үргэлж адал явдлын зохиол уншдаг, их сониуч хүүхэд байсан. Аав маань ч тэгж хүмүүжүүлсэн. Хожим, 90-ээд оны сүүлээр улс төр, эдийн засгийн сэтгүүлчийн ажлаа орхисон. Ер нь энэ нэвтрүүлгийн хийх хэрэгцээ шаардлага нь юу байсан юм бэ гэхлээр тухайн үед Монгол орныг дэлхий даяар мэддэггүй, монголчууд өөрөө өөрсдөө эх орныхоо талаар, өөрсдийнхөө талаар ч бүрхэг мэдлэгтэй тийм л үе байсан. Монголчуудыг дэлхий ертөнцөд танилцуулах, монголчуудад өөрсдөд нь өөрсдийг нь таниулах чухал юм байна гэдгийг олж харсан. Сонирхол маань ч тэр байлаа. Ер нь бол Аялалын сэтгүүл зүй дэлхий дахины сэтгүүл зүйд нэлээд тогтворжсон төрөл л дөө. Чөлөөтэй мөртлөө энгийн танин мэдэхүйн мэдээлэл түлхүү өгдөг, сонирхолтой, амьд нэвтрүүлэг хийхийг зорьсон. Тухайн үед нэг нэвтрүүлэг бэлтгэх гээд улс орон дамнасан аялал хийх нь бүү хэл, Монгол телевизийн сэтгүүлчид зэргэлдээх аймаг руугаа явж мэдээ бэлтгэхэд ч хэцүү, эдийн засгийн хувьд хүнд, бэрх үе байсан. Тийм л цаг үед ажлаа эхэлж байлаа.

Залуус явсан ч бүгдээрээ л эх орноо санана, бүгд буцаад ирнэ
Намайг нэвтрүүлэг хийж эхлэхэд, тэрнээс ч өмнө Монголчуудын ихэнх нь эх орондоо итгэх итгэлгүй болчихсон байлаа. Тэр үед монголд үзэх юм юу байдаг юм, Монгол орон гэдэг ер нь юу юм бэ, гадаадад л сайхан, үзэх юм ихтэй гэж ярьдаг байсан. Одоо бол Монголчуудын сэтгэлгээ, хандлага их өөрчлөгдсөн. Ширээ тойроод ярьж суухад хүмүүсийн олонх нь  эх орон маань сайхан, эхлээд эх орноороо аялъя, манайд үзэх юм их бий гэж  ярьцгаадаг болсон. Тэгэхээр байдал тийм ч муу биш гэсэн үг юм. Ер нь бол гадагшаа явж юм үзье, нүд тайлъя гээд шуураад байгаа чинь ганцхан манайд ч тохиолддог асуудал биш. Өндөр хөгжилтэй оронд ч бий, ядуу оронд ч бий. Хамгийн гол нь эх орон маань бусад улсаас дутах юмгүй сонирхолтой, содон зүйл ихтэй, түүх соёлоороо тэднээс ч илүү баян гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн гэдэг амьтан ер нь залуу насандаа сониуч байдаг, нас тогтоод ирэхээр ухаалаг болж эхэлдэг, цаашлаад намба суугаад ирэхээр бүр ч ухаантай болдог. Монгол хүний өөрийнх нь байгалиас, бүр яс маханд нь шингэсэн нэг онцлог бол носталгия буюу нутгаа санах өвчин. Би итгэдэг. Явсан ч, бүгдээрээ л эх орноо санана. Бүгд л буцаад ирнэ гэж. Залуучууд өөр улсад очихыг хүсдэг нь хаана ч байдаг л зүйл. Манай залуусын хувьд бол гадагшаа явах сонирхол нь амжиргааныхаа түвшинг дээшлүүлэхтэй л илүү холбогддог байх гэж боддог.

Нэгэн зэрэг маш хурдтай, эрчимтэй өрнөсөн эдгээр хөдөлгөөн Монголын байгальд сөргөөр нөлөөлж эхэллээ

Сүүлийн жилүүдэд Монголын байгальд хоёр, гурван өөрчлөлт нэгэн зэрэг явагдсан. Нэг талаас дэлхийн дулаарал, хур тунадасны хомсдол, нөгөө талаас хотжилт, суурьшилт. Социолизмын үед монголын хүн ам хуарангийн маягаар сум сумдаа, аймаг аймагтаа бүгж, суудаг байлаа. Шилжилт, хөдөлгөөн ч бага байж. Тэр ч байтугай Улаанбаатарт ирэхдээ гадаад руу явж байгаа юм шиг сарын визтэй ирдэг байлаа. Визнийх нь хугацаа хэтэрсэн иргэнийг цагдаа нар хайж, эрэн сурвалжилдаг, барьж авсныгаа нутаг орон руу нь буцаадаг тийм л адал явдлын нийгэм байлаа. Тэрнээс хойш чөлөөтэй нийгэмд шилжээд ирэхээр хүмүүсийн хөдөлгөөн, урсгал ихэссэн. Түүнийг дагаад хүмүүсийн идэвх өөрчлөгдөж, унаа хэрэгсэл, технологи ихтэй болсон. Ингэхээр байгаль ерөнхийдөө цаг уурын өөрчлөлтөнд орж, хуучны элбэг хангалуун байдал хомсдож эхэлсэн. Үүнээс үүдсэн хүмүүсийн шуургалж хөдлөх үе эхэлж байгаа юм. Миний бодлоор Монголд сүүлийн арваад жил дэлхийн аль ч оронд байгаагүй хурдацтай хөдөлгөөн үүссэн. Тийм учраас хүний хөл хүрээгүй, онгон дагшин байгаль хүмүүсийн нөлөөнд автах үйл явц ихэссэн. Зах зээл, чөлөөт нийгэмтэй давхцаад уул, уурхай гэдэг хүчтэй хөдөлгөөн өрнөөд эхэлсэн. Дэлхийн ямар ч улс оронд байдаггүй үйл явц. Манайд бол есөн шид нь бүрдэнэ гэдэг шиг байгаль нь ч хуурайшаад эхэлсэн, хүмүүс нь ч хөдлөөд эхэлсэн, дэлхий нийтийн анхаарлыг татсан уур уурхайн нүсэр ажлууд хийгдэж эхэлсэн. Нэгэн зэрэг маш хурдтай, эрчимтэй өрнөсөн эдгээр хөдөлгөөн Монголын байгальд сөргөөр нөлөөлж эхэллээ. Таван жилийн өмнө яваад очиход онгон дагшнаараа байсан газрууд дахиад очиход маш  их өөрчлөгдсөн ажиглагддаг. Бараг л бүгд хүний нөлөөнд автсан. Үүнийг нь дагаад ан амьтан, жигүүртэн шувууд нь ч цөөрч эхэлсэн. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, жилээс жилд хур тунадасны хэмжээ багасч буй явдал юм. Өөрөөр хэлбэл Хангайн нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн нуруу, Ханхөхийн нуруу гээд төдийлөн хүн очдоггүй байсан томоохон газруудад олон зам харгуй шинээр бий болж хүмүүс очих боломжтой болсон. Өмнө нь цас, ой хөвч, намаг, шалбаагаар явж чаддаггүй байсан бол одоо хүмүүс явж чадах хэмжээнд хүртэл хуурайшсан. Хүмүүс ч сүүлийн үед явж чаддаг унаатай болчихож. Ийм л нөхцлүүд, давхар давхар хүчин зүйлүүд нөлөөлөөд байгаа юм.

Дэлхийг аялаад баршгүй
Дэлхийд хүн амьд насандаа заавал үзэх ёстой 5000 газар байдаг гэж сонссон. Нэг газарт нь очиж үзнэ гэхэд долоо хоног зарцуулна. Энэ бүх газруудыг үзэхэд хүний нас хүрэхгүй байх. Хоёрдугаарт харахад гайхамшигтай биш газрууд зөндөө олон. Тэр газрууд өрөө тасалгаан дотор ч, дэлгүүр дотор ч, музей дотор ч бий. Ингээд үзэхээр хүн амьдралдаа энэ бөөрөнхий дэлхийг үзээд баршгүй. Тэр дундаа мэргэжлийн аялагчийн хувьд нэг очсон газартаа ахин дахин очиход сонин байдаг. Очих бүрт өөр өөр өнцгөөс харагддаг. Шинэ шинэ зүйлийг нэмж олж хардаг. Ер нь бол дэлхийг аялж барсан нэг ч хүн байхгүй. Тийм боломж ч байхгүй. Монголд л гэхэд миний аялаагүй, үзээгүй газрууд зөндөө байна. Төлөвлөгөө гаргаад ч тэр болгон биелэлээ олж чадахгүй юм. Зардал, сүйтгэл, цаг хугацаа, бэлтгэл, цаг агаар гэх мэтчилэн олон саад учирч байна.


Залуу хүмүүс байгаль дэлхийгээ өөрийн гэр орон гэж үзэх ёстой

Залуу хүн зөвхөн байгаль дэлхийг ч биш, бүх юмыг аврахад сайн сайхны төлөөх сэтгэл хэрэгтэй. Нэн тэргүүнд хүнлэг, сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой байх хэрэгтэй. Тэгж байж л дэлхий ертөнцтэйгээ зөв харилцах харилцааг үүсгэнэ. Зөв сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой хүн зөв хандлагыг бий болгож тэр нь байгаль дэлхий рүүгээ чиглэж байвал олон арга олдоно. Залуу хүмүүс байгаль дэлхийгээ өөрийн гэр орон гэж үзэх ёстой. Нөгөө талаас дэлхийн улс орнууд, үндэстнүүдийн соёл, түүх бүх талаараа хоорондоо уялдаатай.Тиймээс хүний соёл ч миний соёл, хүний нутаг ч миний нутаг гэсэн хандлагыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Юм бүхэнд өөриймсөг хандаж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хамгийн чухал нь аливаа юмны бодит шинж чанарыг зөв таньдаг байх хэрэгтэй. Тийм чадвар байхгүй бол та аугаа ихийг ч таньж чадахгүй, жижгийг ч таньж чадахгүй. Зөв, сайныг ч таньж чадахгүй, хорлолт мууг ч таньж чадахгүй. Энэ бүхэн залуу хүний сэтгэлийн явдал юм. Гэхдээ бүх хүн төгс төгөлдөр биш. Бүх хүн сайн хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ залуу хүмүүс миний энэ ярьж байгааг уншиж байгаа бол та сайныг хийж чадахгүй бол ядаж мөрөөрөө, чадвал гэрэлтүүлдэг нь байх хэрэгтэй гэж л хэлье дээ.

Бидний сонгосон нийгэм оюун санаа, мэдрэмжийн биш материаллаг байдал, ахуйн хэрэглээний нийгэм

Яруу найргийг зав гаргаад бичдэг зүйл бол биш л дээ. Миний бодлоор . Яруу найраг гэдэг бол сэтгэл хөдлөл ихтэй, ертөнцийг гоёор хардаг хэсэг бусаг хүмүүсийн л хувийн хэрэг явдал. Энэ бол нийтийн хэрэглээ биш. Хэвлэгдэж байгаа номнууд л гэхэд хүмүүсийн зугаа цэнгэл, танин мэдэхүй, баримт, мэдлэгийн шинжтэй болоод хувирчихсан. Зугаа цэнгэлийн хэлбэр нь юу вэ гэхээр нөгөө соён гэгээрүүлэх, гүн гүнзгий хэлбэр нь биш, жирийн, өдөр тутмын хэрэглээний түвшинд хүрчихсэн учраас дэлхий дахинд яруу найрагт оногдох хэрэглээний орон зай багассан. Хэдийгээр яруу найрагчид, зохиолчид бусдын сэтгэл санаа, оюун мэдрэмжийг гэрэлтүүлж өгдөг ч үнэн хэрэгтэй зохиол, бүтээл нь хоол, хувцас, цалин хөлс нь болж чаддаггүй. Тийм ч учраас материаллаг байдлыг хэт шүтсэн өнөөгийн нийгэмд жинхэнэ яруу найраг өөрөө хомсдолд орж байна. Яруу найраг бичдэг, утга уянгыг чинад хичээж буй хүмүүс ховор сайхан хүмүүс боловч үнэн хэрэгтээ тэд маань ахуйг шүтсэн энэ нийгэмд хамгаас ядуу хэсэг нь болж харагдаад байгаа юм. Яруу найрагчид л тийм хувь зохиолтой ядуу хүмүүс гэж ярьцгаадаг. Манай яруу найраг, утга зохиолын хувьд нийгмийн хэрэглээний цаг үе нь өнгөрчихсөн. Франц, Италийн сэргэн мандлын үе, 19, 20 дугаар зууны үеийн Зөвлөлт-Оросын утга зохиол, Монголын 90-ээд он хүртэлх үе гэх мэтчилэн дэлхий дахины түүхэнд хамгийн тод гэрэлтдэг үе нь дуусч байна. Тийм учраас яруу найраг гэдэг зүйл өөрөө зөвхөн хувь сонирхогч, хувийн таашаалаа л хүртдэг жижигхэн талбар болон үлдэж байна. Лам нар уншлагаа уншиж, гүрэм доромоороо таашаал авдаг шиг одоогийн манай яруу найрагчид яг л тийм байгаа.
Сэргэх мөчлөг ирэх эсэхийг хэлж мэдэхүй. Сэргэх боломжгүй болсон ч байж магадгүй. Бидний сонгосон нийгэм өөрөө оюун санаа, мэдрэмжийн биш, материаллаг байдал, ахуйн хэрэглээний нийгэм. Энэ замд бид эргэлт, буцалтгүйгээр орчихлоо. Орчин цагт шинээр төрж байгаа хүүхдүүд юугаар эхэлж амладаг вэ. Зугаа цэнгэлийн, гялалзсан зүйлсээр, эд материалаар, өндөр үнэтэй брендээр эхэлж амалж байна. Ийм нөхцөлд яруу найрагчид төрж, жинхэнэ яруу найраг багтах орон зай байхгүй. Дэлхийн сүүлчийн яруу найрагчид өнөөдөр амьдарч байж ч магадгүй. Ер нь хааяа нэг хуучны юмс моданд орж байдаг шиг
гялсхийсэн, түр зуурхан моданд орох үеүүд байна байх аа.

Бэлтгэсэн Г.Ганбагана
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш