logo
УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канад Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канад Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2013/03/18
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид АНУ, Канад Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо.

  Айлчлалын үеэр УИХ-ын дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй уулзаж, Брукингсийн стратеги судлалын хүрээлэнгээр зочлон, тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Р.Буштэй уулзана. Мөн АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимын Спикер Ж.Бэйнер, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нартай уулзахаар төлөвлөжээ.

  Түүнчлэн УИХ-ын дарга Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Женерал электрик” компанитай байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоос гадна “Дакота газ” үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм.

   УИХ-ын дарга Канад Улсад айлчлах үеэрээ Канадын Парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр, Канадын Парламентын Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатор Ж.Дей, Сенатор П.К.Нолэ, Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд, Канадын Бритиш Колумби мужийн Парламентын Спикер Б.Барисофф нартай уулзана.

   Мөн Канадын Парламентын Сенатын танхим, Нийтийн танхимд зочилж, Канадын компаниудын төлөөлөгчид, Ванкувер хотод аж төрж буй Монгол иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.

   Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Б.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, албаны бусад хүмүүс багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш