logo
УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2013/03/18

УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар өнөөдөр /2013.03.17/ Соёлын төв өргөөнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Чингэлтэй дүүргийн 140 гаруй мянган иргэдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн иргэдтэй гишүүд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажил, 2012-2016 оны улсын төсөв, Засгийн газар, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мөрийн хөтөлбөрийн талаар ярилцав. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн талаар үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа хэлж, төрөх эмнэлгүүдийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэсэн. Харин  УИХ-ын гишүүн Г.Уянга иргэдийн нуруун дээр хүнд ачаа дарамт үүсгэдэг хяналтгүй эдийн засгийг зогсоох түрээсийн тухай хуулийн төслөө энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа дуулгасан юм. Тэрээр шинээр Арабат буюу цагийн хөдөлмөрийн тухай, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд дээр ажиллаж буйгаа дурьдав.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Газрын тухай багц хуулийн төсөл дээр шаргуу ажиллаж байгаагаа онцлоод  Сэтгэцийн эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлын тухай зэрэг бодлогын чухал баримт бичгүүдийг намрын чуулганаар батлан гаргасан талаараа УИХ-ын гишүүн, Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан иргэдэд тайлагналаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд УИХ-аас Тамхины хяналтын тухай хууь, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиуд батлагдан гарсанд талархалтай байгаагаа илэрхийлээд ирэх хаврын чуулганаар архины хяналтын тухай хуулийг батлан гаргах нь зүйтэй гэдгийг хэлж байв.

Түүнчлэн тус дүүргийн иргэдийн гишүүдээс асуусан асуултын дийлэнх хувийг гэр хорооллын дахин төлөвлөлт, газрын асуудал, одонтой эхчүүдийн мөнгийг нэмэх асуудал байсан юм. Тиймээс газар болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай асуултад НИТХ-ын дарга Д.Баттулга хариулт өгсөн. Тэрээр хэлэхдээ, “Өнгөрсөн жилүүдэд барилгажилт, газар олголт замбараагүй байсан байна. Бид Нийслэлийг удирдах эрхээ авснаас хойш Улаанбаатар хотын 1300 га газраас нэг ч га газар олгоогүй байгаа. Харин ч эсрэгээрээ хуулийн дагуу 120 гаруй газрын зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байна. Нийслэлийн 1 сая 250 мянган иргэний зөвхөн 100 гаруй мянган иргэн л газраа өмчилжээ. Гэр хорооллын газрын 94 хувь нь өмчлөгдсөн байна. Замбараагүй газар олгосны нэг тод жишээ нь нийслэлд 92 газар, гарцыг хааж газар олгосон нь тогтоогдсон. Үүнийг сэтлэвэл замын хөдөлгөөний ачаалал 10-20 хувь багасах тооцоог хийсэн. Чингэлтэй дүүргийн тухайд 7,13,15 дугаар хороог эхний ээлжинд дахин төлөвлөхөөр ажлаа эхлэх гэж байгаа. Дэнжийн мянгыг төвлөрсөн хороолол болгох гэж байна. Иргэдийн дунд газарт орно гэсэн мэдээлэл тарсан байсан. Газарт оруулах асуудал байхгүй, харин дахин төлөвлөх асуудал л байгааг иргэд маань анхаарах хэрэгтэй” гэв.

Орон нутгийн хөгжлийн санд Чингэлтэй дүүрэгт 2,7 тэрбум төгрөг хуваарилагджээ. Тодруулбал тус дүүргийн хороо тус бүр дээр 100-150 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ гэсэн үг. Шууд ардчиллыг хэрэгжүүлж, иргэд асуудалд олуулаа оролцож, оновчтой зарцуулах нь юу юунаас илүүтэй чухал болохыг гишүүд онцолж байлаа.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш