Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба, Орон сууц нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг болон тус яамны мэргэжилтнүүд Дархан, Эрдэнэт, Хөтөлд ажиллалаа.
Салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлаар орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудтай танилцав. Үүний зэрэгцээ Дархан, Хөтөл, Эрдэнэт, Булганд 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн газруудыг үзэж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдлын талаар мэдээлэл авлаа.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын оролцоог бүтээн байгуулалтын ажилд хамруулах, тэдний хүчин чадал хир байгаа, ямар дэмжлэг хэрэгтэй болохыг сайд, сайдыг дагалдан яваа ажлын хэсгийнхэн сонсов.
Дархан-Уул аймаг 1000 айлын орон сууц барих газраа төлөвлөсөн байна. 18 га газарт орон сууцны барилгын ажил эхлүүлэх боломжтойгоо Засаг дарга нь хэлж байсан. Нийслэлийг бодвол газар олголт замбараатай явагдсан учраас орон сууц барих газар энд байна. Харин орон сууцны борлуулалт ямар байх бол гэсэн яриа өрнөв. Өнөөдөр тус аймагт орон сууны метр кв-ийн үнэ 1,250 мянган төгрөг хүрчээ. Гэхдээ ийм үнээр байр худалдан авах чадвар иргэдэд байхгүй гэж орон нутгийн барилгын компанийнхан хэлж байв.
Ямартаа ч Засгийн газраас зарласан 1000 айлын орон сууц барих газар, инженерийн шугам сүлжээний бололцоо энэ аймагт байна.
Дархан-Уул аймгийн удирдлагууд сайдаас нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар, цахилгаан шатны шинэчлэл, нийтийн халуун усны барилга барих зэрэг хүсэлт тавилаа.
Харин сайдын зүгээс энэ удаад хот байгуулалт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний шинэчлэл гэсэн тодорхой асуудлаар ярилцах, хэрхэн яаж 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх вэ гэдэг чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгалаа.
Энэ онд аймгуудад хийгдэх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг танилцуулж хамгийн үр дүнтэй, хүртээмжтэй байхаар төсөл санал болгохыг хүслээ. Энэ жилийн хувьд Дархан цэвэрлэх байгууламжид яамны зүгээс анхаарал хандуулж байгаа.
Бусад аймгуудыг бодвол барилга барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн учраас аймаг бүрт байгуулах бетон зуурмагийн узель, чулуу ангилан бутлах, төмөр бетон эдлэлийн үйлдвэр шаардлагагүй. Харин та бүхэн барилгын материалын үйлдвэрлэлээ сэргээж, Улаанбаатарыг угаасан элс, хайрга дайрганаас өгсүүлээд бусад материалаар хангах юм гэдгийг орон нутгийнханд санууллаа.
Ингээд орон сууцны барилга барьж буй зарим компанийн ажил байдалтай танилцаж, Польш Улсаас угсармал бетоны үйлдвэрлэл оруулж ирж байгаа Баткарм компанийн төсөлтэй танилцав. Элс хайрганы үйлдвэрлэл эрхэлж байгаа Сонглохайрхан компани үйлдвэрлэлээ үзүүллээ. Тус компани Улаанбаатар хотод угаасан элс хайрга оруулж ирэхэд төмөр замын тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлэхийг сайдаас хүсэв.
Хөтөл жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс жилд 1 сая тонн цемент дотоодынхоо зах зээлд нийлүүлэх боломж энэ оноос нээгдэнэ. Тус компани үйлдвэртээ технологийн шинэчлэл хийж, хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрээ ирэх 6-р сард ашиглалтанд оруулах гэж байна.
Энэ төсөл барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт цаг үеэ олсон ажил болж байгаатай салбарын сайд танилцлаа. Үйлдвэрийн барилгын ажлын явц байдал, төсөл хэрэгжүүлэх хугацаанд хийгдсэн ажлуудын талаар Хөтөлийн цемент шохой ХК-ийн захирал н.Шоовдор мэдээлэл өгөв.
Эрдэнэтийн барилгын компаниуд дэмжлэг хүслээ.
Орон нутагт ажилласан томилолтоо Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Эрдэнэт хотод үргэлжлүүллээ. Дархан-Уул аймагтаа нэг адил 1000 айлын орон сууц баригдахаар төлөвлөсөн газруудтай танилцаж, дулааны эх үүсвэр шугам сүлжээний талаар мэдээлэл авлаа.
Барилгын материал үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх боломж, материалын үйлдвэрүүдийн одоогийн байдал, хүчин чадал, өргөтгөл хийх боломжийг газар дээр нь очиж үзсэн юм. Сайд БНЧУ-ын хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх Евро эко Төгөл төсөл, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөлтэй тус тус танилцав.