logo
Доктор, профессор Б.Галиндэв: Эх орноо батлана хамгаална гэдэг эх оронч үзлийн хамгийн ойлгомжтой логик утга...

Доктор, профессор Б.Галиндэв: Эх орноо батлана хамгаална гэдэг эх оронч үзлийн хамгийн ойлгомжтой логик утга...

2013/03/18
“Эх оронч үзэл” цувралаараа Отгонтэнгэр их сургуулийн философийн ухааны багш, доктор, профессор Б.Галиндэвтэй уулзаж ярилцлаа.
 
Философи талаас эх оронч үзэл гэж юу вэ?


-Энэ нь тухайн улс, үндэстнийхээ бүтээсэн соёл, зан заншилыг судалж, хөгжүүлж, өвлөж авах, газар нутгаа ард олноо хайрлаж энэрэх, хүнд байгаа тал бүрийн нөөц боломжийг илрүүлж, сайн сайхан амьдрах хүслээр нийгмийн орчныг бий болгох гэсэн гурван ерөнхий философи утга байдаг.

Тодорхой яривал 1980-аад оны дундуур МАХН-ын  Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Намсрай эх оронч үзэл гэж чухамдаа юу вэ? гэдгийг тодорхойлох гэж оролдсон байдаг. Тэрээр хэлэхдээ, үндэснийхээ соёлд суралцах, төрж өссөн газар нутгаа хайрлаж энэрэх энэ бүхний цогцыг эх оронч үзэл гэж хэлсэн юм. Мөн залуучууд эх орныхоо төлөө үнэнч, шудрага хөдөлмөрлөснөөр залуу насныхаа ид хавийг үзүүлэх юм гэсэн санааг дурдсан байдаг. Ер нь эх оронч үзлийг хамгийн их ярьж, хүмүүст тэр үзлийг төлөвшүүлэх гэж үзэл суртал, хүмүүжлийн ажил байнга зохион байгуулж байдаг нийгмийн институт бол цэрэг, армийн салбар юм. Учир нь эх орноо батлан хамгаална гэдэг бол эх оронч үзлийн хамгийн ойлгомжтой локиг утга болоод торгон өндөрлөг юм. Тэгээд ч ард түмний дунд цэргийн салбар л залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлдэг гол өлгий газар гэсэн үзэл байсаар ирсэн. Өнөөдөр ч энэ нь байгаа, байх ч ёстой юм.

Нийгмээ дагаад эх оронч үзэл ч гэсэн өөрчлөгдөж болох уу?


-Монголчуудын XX зууны түүхийг аваад үзвэл, эх оронч үзэл хэд хэдэн үечлэлтэй байсан. Нэгдүгээрт, өөрсдийн тусгаар тогтнолоо олж авахын тулд тэмцсээр 1911 онтой золгож, хүсэл мөрөөдөлдөө хүрээд Богд хаант улсаа байгуулсан. Энэ нь XX зууны эхэн үеийн монголчуудын эх оронч үзлийн оргил нь юм. Тэр үед Богд хаан ингэж хэлсэн байдаг. “Бүх юмс цаг хугацаатай, одоо хэмжээ нь боллоо” гэж. Энэ нь тусгаар тогтнолын төлөө тэмцье гэсэн санаа юм л даа. Ер нь жижиг буурай улс тусгаар тогтноход том улсуудын дарамт, шахалт байнга байдаг. Манай улсын тусгаар тогтнол хөрш хоёр гүрэнд хамгийн сонирхолтой байсан. Ингээд 1915 оны Хиагтын гэрээгээр манай тусгаар тогтнол цуцлагдсаныг бид бүхэн мэднэ. Дараа нь 1921 оны их хэргийг үүсгэх гэж хожуу үеийн сэхээтнүүд Данзан, Бодоо гэх мэт хувьсгалчид бидний хэлж дадсанаар “нам нийлж, сэм хувилдаад” үйл хэргээ эхлүүлсэн байдаг. Энэ нь XX зууны эхэн үеийн эх оронч үзлийн хоёрдахь давалгаалал юм. Түүний дараа манай эх оронч үзэл их ээдрээтэй болсон. Учир нь оросын коммунист большевикуудын нам манай тусгаар тогтнолыг сонирхох болсонтой холбоотой. Уинстон Черчиль “Мөнхийн хөрш гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг” гэж олон улсын бодлогоо тодорхойлсон байдаг. Яг үүнтэй адил коммунистууд манай тусгаар тогтнолыг нэг талаасаа баталгаажуулж байгаа мэт, нөгөө талаасаа өөрийнхөө ивээлд авч байгаа мэт үйл явдал өрнөсөөр байгаад 1928 он гэхэд коммунистуудын үзэл санаа манайд албан ёсоор суусан байдаг. Энэ үеэс эхлээд бидний эх оронч, үндэсний үзэл маань ЗХУ-тай л хамтарч байж шийддэг үйлийн үртэй хувь заяатай тулгарсан. Энэ нь та бидний сайн мэддэг 90-ээд он хүртэл үргэлжилсэн. Ер нь бид XX зууны эхнээс эхлээд үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцсээр яваад 1990-ээд онтой золгосон гэж боддог. Ингээд бидний сайн мэддэг ардчилсан хувьсгал ялсан. Үүгээр улс орны тусгаар тогтнох гэсэн XX зууны тэмцлүүдийн шувтарга үеийн биелэл бодитой хэрэгжсэн. Тэгэхээр манай эх оронч үзлийн давалгаа гурван үеийг хамарчихсан байгаа юм.

Нөгөө талаасаа эх оронч үзэл гэдгийг улс үндэстэн өөрийнхөө эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд ямар оролдлого хийж байгаа вэ гэдгээр нь авч үздэг. Энэ талаас хэлж болох давалгаа нь 1960-1980 оны хооронд байдаг. Тэр цагт орчин үеийн үйлдвэрүүд байгуулж, атар газрыг эзэмшиж, соёлын хувьд том ахицууд гарсан. Энэ бол эх оронч үзэл тайван замаар энхийн хөдөлмөрт өрнөсөн нэг том чиглэл байлаа. Мөн 1935, 1945 оны хэрэг явдал бол гарцаагүй монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах том нэгдэл байсан. Тиймээс 1939 оны Халх голд болсон үйл явдлыг, 1945 онд дэлхийн II дайны шувтаргад оролцсон түүхэн гавьяаг цэрэг арми төдийгүй, монголын төлөө зүрх нь цохилдог хүн бүр мартаж болохгүй. Харин одоо бидний эх оронч үзлийн сүүлийн давалгаа бол ардчилал гэдэг үнэт зүйлээ хэрхэн хамгаалах, яаж хөгжүүлэх, зах зээлийн хурдан өрнөж буй үйл явц дунд монгол хүн хэрхэн сайн сайхан амьдрах вэ? Энэ бол орчин үеийн эх оронч үзлийн хамгийн тод илрэл байх учиртай.

Эх оронч байна гэдэг улс бүрт өөр өөр илэрдэг үү?

-Энэ үзлийг философийн утгаар аваад үзвэл ерөнхийлсөн дүр зураг үүсдэг. Харин улс орон бүрийн хөрсөн дээр буугаад ирэхээрээ янз бүрийн төрхөөр илэрдэг. Хөрш хоёр улсын маань хувьд гол зорилго болох “дэлхийн их гүрэн” гэсэн байр сууриа хадгалахын тулд эх оронч үзэл өөр, өөр тавигдана. Энэ хоёрт гарцаагүй дэлхий нийтэд нөлөөтэй байх сонирхол нь эх оронч үзлийн голлох бүрэлдэхүүн хэсэг болсоор ирсэн. Гэхдээ ингэхийн тулд хуучны бидний үед байсан шиг хил хязгаар руу нь өнгөлзөх биш, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, улс төрийн нэр хүндийнхээ хувьд ямархуу нөлөөтэй байх вэ гэдэг нь маш том чиглэл болж ирдэг. Харин бидний тухайд дэлхийн бодлогод нөлөөлнө гэж ярихад хэцүү. Гэхдээ түүхэн цаг үе бидэнд азтай учралыг бий болгоод байна. Өнөөдөр монголыг дэлхий таньдаг болсон. Мэдээж энэ бол эцэг өвгөдөөс өвлөгдсөн газрын хэвлий дэхь баялгаараа дэлхийд, өөрийнхөө газрын баялгийг их хэмжээгээр ашиглачихсан, эсвэл баялгаа хямгадаад, хадгалаад байж байгаа улсуудын сонирхолыг татаж байна. Иймээс магадгүй монгол дэлхийн том гүрнүүдийн сонирхол дээр тоглож, хожоо гаргах боломж бүрдэж байгаа хэрэг.

Даяаршлын эрин үед аль улс, гүрэнд бусдад байхгүй оюуны нөөц, судалгааны салбар, бүтээл үйлдвэрлэгдэж байгаагаараа анхаарлын төвд орох болсон. Тэгэхээр даяаршил гэдэг нь том, жижиг улсуудын ялгааг арилгаж байгаа. Нөгөө талаараа ямар ч улс чаддаг юмаараа өрсөлдөж, чаддаггүйгээ бусдаас нөхөх боломжийг үүсгэж байгаа хэрэг ч байж болох юм. Иймд том жижиг гэлтгүй өөрсдийн нөөц бололцоогоороо бусдаас онцгойрох боломж маш их байна. Бидний хувьд ч гэсэн дэлхийн томоохон үйлдвэрүүдэд менежер, зохион бүтээх албанд нь ажилладаг залуус нэлээдгүй байгаа шүү дээ.

Шашин ба эх оронч үзэл юугаараа холбогддог вэ?

-Монголын тусгаар тогтнолын амин чухал асуудал бол буддын соёлыг хадгалж үлдэх явдал. Өнөөдөр энэ нь түвдийнх, энэ нь монголынх гэж ялгагдахаарүй тийм хэмжээнд буддын соёл манайд соёл болж үлджээ. Тийм ч учраас ардын хувьсгалын үед юм үзэж, нүд тайлсан Бодоо мэтийн хүмүүс хэлсэн байдаг. МАН бол  үндэснийхээ шашин соёлыг өвөлж үлдэх нь эрмэлзэх зүйлийн нэг чухал хэсэг гэж. Яагаад тэдгээр хүмүүс шашин, соёл гэдэг үгийг холбоотой авч үзээд байна гэхээр монголчуудын ухаарал, бодол бясалгал, амьдралын эргэцүүлэлийг буддын шашингүйгээр ойлгох аргагүй. Буддын шашин нь бусад шашинаас их онцлогтой гэж хэлж болно. Учир нь ертөнцийн эзэн, аллах тэнгэр бүхнийг бий болголоо гэж биш, харин аливаа юмс үзэгдэл өөрийн учир шалтгаантай, өөрийн үйлийн үрээр бий болж байдаг гэж юмсын учир холбогдлыг нарийн гүнзгий философи утгатай тайлбарласан байдаг. Мөн ертөнц хоосон чанартай гэдгийг ойлгож ухаарах явдал. Ингэж чадвал бид өөрийн мунхаг сэтгэлээсээ чөлөөлөгдөж чадах гарцыг олох юм гэж үздэг. Тэгэхээр аливаа юмсыг шүтэх барилдлага, хоосон чанарын үүднээс нарийн философилог авч үздэг шашингүйгээр монголын нийгмийн XX зууны эхэн үеийн оюун санаа, өнөөгийн нийгмийн оюун санааны суурийг ч төсөөлөшгүй юм. Миний бодлоор хүүхэд залуучууд, ялангуяа цэргийн салбарт шашны боловсролыг олгож байвал зүгээр. Энэ нь шүтлэгтэй болгоно гэсэн үг биш, аливаа юмс үзэгдлийн гүнзгий мөн чанарыг ойлгоход ач холбогдол нь оршиж байгаа юм. Түүнээс биш мухар сүсэг, мунхруулаг гэдэг өнцгөөс харах хэрэггүй гэж бодоод байгаа. Тиймээс бид шашин гэж ерөнхий ярилгүйгээр ямар шашин нь ямар үзэл баримтлалтай юм бэ гэдгийг л ухаарах ёстой юм. Нөгөө талаас шашин дээр суурилсан нийгмийн үнэт ёс суртахуун хүмүүсийн дадал, зуршил болтлоо оршдог.

Тэгвэл зарим улс орнуудад шашиндаа итгээгүй хүн эх оронч үзэлтэн биш болдог шүү дээ?

-Тэгэлгүй яахав, Христос, Католик, Аллах тэнгэртээ итгэхгүй байна гэдэг бол үндэснийхээ соёлын нэг том ололтоос татгалзаж байна гэсэн санаа юм. Америкийн ардчиллын эцэг гэгддэг Жефферсон “Ардчиллын тухай” өгүүллээ бичиж суухдаа Америкийн ард түмэнд юу итгүүлсэн бэ гэхээр “Бид бурхнаас заяасан ард түмэн юмаа” гэдгийг л хэлж өгчээ. Тийм учраас америкчууд юу гэж хэлдэг вэ гэхээр “God bless America” “Бурхан америкчуудыг ивээх болтугай “гэж хэлдэг. Мөн бид бүгдийн “хайртай” доллар дээр “Бурхан бидэнд итгэдэг” гэсэн үг ч байдаг шүү дээ. Үүнээс харахад шашинаар эх оронч байлгахын тулд ямар их зүйл хийж болдогийг харж болох юм. Тэгэхээр үндэснийхээ соёлын ололтыг үгүйсгэдэг хүнийг эх оронч үзэлтэн гэж ойлгож болох уу.

Эх оронч үзлийг дагаад үндэсний ба үндэсэрхэг үзэл гэсэн нэр томьёо заавал орж ирдэг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?

-Би бүх хүнийг үндэсний үзэлтэй байгаасай гэж боддог. Учир нь монгол үндэстэн дэлхийн бусад үндэстнээс дээгүүр юм. Бусдаасаа тасархай хол бие организм, оюун санаатай гэсэн утгаараа биш. Харин монгол үндэстэнээрээ бахархах ёс зүй юм. Тухайлбал, америкчууд 200 жилийн төрт ёсны түүхтэй байхад монголчууд 2220 жилийн түүхтэй. Иймээс төрт ёсныхоо түүхээр бахархаж болж байна. Төрийг байгуулах 2000 гаруй жилийн хугацаанд тодорсон гайхамшигт хүмүүсээрээ, энэ хугацаанд бүтээсэн соёлоороо бахархах зэрэг. Үүнийг үндэсний бахархал гэдэгтэй хамгийн түрүүнд холбож үзэх шаардлагатай. Нөгөө талаас монгол үндэстний дутагдалтай талыг хэрхэн засах вэ? гэсэн асуулт хүн болгоны зүрх сэтгэлд уяатай байх, энэ бүхэн үндэсний үзлийн илрэл юм.  Харин үндсэрхэг үзэл гэдэг нь өөрийнхөө үндстнийг хэт үнэлэх, бусдаас дээгүүр тавих, бусдыг дорд үзэх юм.

Цэргийн салбарт эх оронч  үзэл ямар байдлаар илэрч байвал зөв гэж Та боддог вэ?

-Хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил ажиллаж байхдаа “Эх оронч үзлийн цогц хөтөлбөр”-ийг боловсруулах гээд нэлээд явсан. Эх оронч үзэл цэргийн салбарт ямар бодит илрэлтэй юм бэ гэдгийг хэлэхэд тийм ч амар биш. Нэг талаасаа цэрэг хүн маш тодорхой үүрэгтэй. Тэгвэл хамгийн түрүүнд тэр тодорхой байгаа үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. 1990-2000-аад он хүртэл манай цэрэг армийн байдал бүдэг байлаа шүү дээ. Тэгээд Энхийг сахиулах хүчинд алба хааснаас эхлээд манай орчин үеийн цэрэг арми өөрийн гэсэн бахархах зүйлтэй болсон. Ухаандаа дэлхийн түвшинд манай арми ирсэн гэж хэлэх гээд байна. Сургалт, зохион байгуулалт, байлдах ур чадвараараа хүрчихэж. Магадгүй 1990-ээд оноос хойш дэлхийн түвшинд өөрийгөө баталж харуулсан салбар Зэвсэгт хүчнээс өөр байхгүй ч байж болох юм. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төр захиргааны алба гээд  аваад үзэхэд, за даа энэ л дэлхийн түвшинд хүрчихэж гэсэн институт, салбар цэргээс өөр гарч ирэхгүй байна. Энэ нь орчин үеийн манай армийн бахархал.

Миний бодож явдаг, хэлэх дуртай үг бол, жирийн жагсаалдаа зэвсэгээ агсаад зогсож байгаа цэрэг, эр хүний “нүнжиг”, тэсвэр хатуужил суугаад, хүний хэлсэн үгийн наана, цааныг ухаардаг болчихоод нутаг, орондоо халагдаад айл гэрийн эзэн болж байгаа нь тайван цагийн манай Зэвсэгт хүчний том бахархал юм. Эндээс үүдээд цэргийн албаны хугацааг гурав, хоёр жил байхад хаагаад гарч байсан залуусыг судлаад хөндөж тавимаар юм шиг. Ялангуяа гурван жил цэргийн алба хаасан хүн монголын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ, хэдэн хувь нь одоо улсын аварга малчин, төр захиргааны байгууллагад байна вэ? гэх мэтчилэн судлаад үзэхээр сонин тоо гарч мэдэх юм. Магадгүй энэ сэдвийг цэргийн эрдэм шинжилгээний байгууллага хөндөөд гаргаж ирэх юм бол 1960-аад оноос хойшхи цэргийн бас нэгэн бахархалыг гаргаж ирж мэднэ. Цэргийн алба хаах хугацаанд хүнийг хатуужилтай болгож, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвартай болгоод нутаг усанд нь буцааж байгаа нь монголын айл бүрт Зэвсэгт хүчний оруулсан хамгийн том хувь нэмэр юм. Үүн дээр нэмж хэлэхэд 1980-аад оны дундуур ЗХУ-ын нэгэн зохиолч “Дайнтай улаан нүүрээрээ учирсан нь” нэртэй ном бичсэн байдаг. Энэ нь ямар учиртай бүтээл гэхээр, 1941-1945 онд болсон аугаа Эх орны дайнд эмэгтэй хүн хэрхэн үүрэг гүйцэтгэж оролцсон юм бэ? гэдгийг сурвалжилсан сэтгүүлч, зохиолч хүн юм. Тэрээр Зөвлөлт орон даяар 5 жил диктафон барьж яваад дайнд орсон эмэгтэй хүн болгонтой уулзаж, ярицлага авсан байдаг. Үүн шиг цэргийн албыг гурав, хоёр жил хаасан хүмүүс одоо монголын нийгмийн амьдралд ямар үүрэг гүйцэтгээд явж байгааг судлаад үзэх хэрэгтэй. Тэр дунд эрдэмтэн, улс төрч, урлагийн гавьяатан, бизнесмэн, жирийн сайхан айл өрх ч байгаа. Тэд бүхний заримтай нь уулзаж, цэргийн жилүүд өөрийн нь амьдралд хэрхэн нөлөөлсөн, болоод тэр үеийн дурсамжуудыг яриулбал гайхамшигтай нэгэн ном төрж, Зэвсэгт хүчнээрээ ард түмэн бахархах эх оронч үзлийн бас нэгэн оюун санааны баялгийг бэлэглэх юм.

Ярилцсан Танд баярлалаа, сайн сайхныг хүсэе!

 М.Мөнхзориг
Соёмбо сонин
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш