Америкийн шинэ үеийн байлдааны онгоц сөнөөгч, бөмбөгдөгч F-35 нисгэгчдийн мөрөөдлийн хөлөг болоод байна. Уг онгоц эсрэг талын радарт өртөхгүй нисэх чадвартайгаар гайхагдаж байна. Дээр нь супер хурдтай онгоц гэгдэж буй.
Нисгэгч өөрийн дуулгын тусламжтайгаар онгоцны эргэн тойронд 360 градуст харах, учирч болох аюул болон байг хурдан илрүүлж, устгах боломжтой. Дуулга нь нисгэгчийн хувьд командын байрны үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог. Нисгэгчийн хараа, хөдөлгөөнөөр онгоц шилжилт хөдөлгөөн хийх, байг заах, устгах зэрэг ажиллагааг гүйцэтгэх юм. Шөнийн цагт ч дуулга нисгэгчид өдөр мэт бүх зүйлийг тов тодорхой харагдуулна. Одоогоор загварын дуулга бүтээгдсэн бөгөөд улам төгс төгөлдөр болгохоор ажиллаж байгаа ажээ. Уг онгоц далавчит болон агаар-агаар ангиллын пуужинтай, 910 кг хүртэл JDAM загварын бөмбөг, залуурт AGM бөмбөг тээнэ.
Онгоцны өртөг ч толгой эргүүлэм. БХЯ “Локхид Мартин” компанитай 400 тэрбум долларын гэрээ байгуулж F-35-ыг зохион бүтээлгэж байна. Онгоцны үйлдвэрлэлийн зардал 93.3 сая доллар байх юм. Уг онгоц 2013 оны санхүүгийн жилд бүтээгдсэн хамгийн үнэтэй зэвсэглэлд орж байгаа аж. Бодлого боловсруулагчид зэвсэглэлд хэт их мөнгө хөрөнгө зарцуулж байна гэж шүүмжлэж буй ч Иран зэрэг орнууд агаарын довтолгооноос хамгаалах системээ улам төгөлдөржүүлж байхад энэ мэт онгоцонд гар татах нь утгагүй хэрэг гэж цэргийн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
Одоогоор онгоцны тоног төхөөрөмжийн ерөнхий туршилт 80 хувьтай явагдаж байна. 2017 он гэхэд онгоцны туршилт бүрэн дуусч зарим шаардлагатай засвар, нэмэлт тохируулга хийгдэнэ. 2019 оноос онгоцыг олноор үйлдвэрлэж эхлэх юм. Америкийн агаарын хүчнийхэн F-35-аар “өвчилсөн” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Кристофер Богдан мэдэгдэв. Батлан хамгаалах төсвийн хэмнэлт нэрээр америкийн шинэ үеийн байлдааны онгоцонд саад болох хэрэггүй гэж тэрээр сэтгүүлчид ярьжээ.