logo
Монгол цэргүүд зохион байгуулалт, үүрэг биелүүлэх чадвар, сахилга батаараа бусдаас ялгарах ёстой

Монгол цэргүүд зохион байгуулалт, үүрэг биелүүлэх чадвар, сахилга батаараа бусдаас ялгарах ёстой

2013/03/19

Эр цэргээ хайрлана гэдэг эх орноо хайрлана гэсэн үг

Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн энхийг сахиулагчдын багийнхан, зэвсэгт хүчний дайчид, “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн сурагчид, тэдний ар гэрийнхний төлөөлөлд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэлэв. Үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 
Энд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалах яамны болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн, эрхэм хүндэт генерал, офицер, байлдагч, ахлагч, түрүүч, ар гэрийнхний төлөөлөлд Монгол цэргийн баярын гал цогтой халуун мэндчилгээг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Монгол цэрэг гэдэг нэрийн дор тангараг өргөсөн бүх иргэн орж байгаа
 
Монгол цэргийн түүх, Монголын түүх, Монголын төрийн түүх бол салшгүй. Монголын түүх цэргээрээ дамжиж бичигдэж ирсэн гайхамшигтай сайхан уламжлалтай. Цэргийн алба зөвхөн цэргийн алба байгаагүй. Цэргийн алба бол төрийн алба байсан. Улс орноо бүтээн босгох алба байсан. Агуу их түүхээ бичих алба байсан. Тэр бүхнээ залгамжлуулах алба байгаа юм.
 
Өнөөдөр Монгол цэрэг гэдэг нэрийн дор тангараг өргөсөн бүх иргэн орж байгаа. Цэрэг хэмээх нэрийн дор нас, хүйсийн ялгаа байхгүй. Өнөөдөр манай олон мянган эмэгтэй тангараг өргөж цэргийн албанд эрчүүдийнхээ хамт үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн байгууллагуудын ар талд олон мянган энгийн иргэн манай эрчүүдийг цэргийн албаны үүргээ үлгэр жишээ сайн биелүүлэхэд нь тусалж хамтран ажиллаж байдаг.
Цэрэг гэдэг нэрийн дор зөвхөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хэлээгүй. Цэрэг хэмээх нэрийн дор эх орон, ард түмнийхээ өмнө аюулгүй байдлыг хангах, хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх ариун тангараг өргөсөн бүх хүнийг хэлж байгаа юм. Ардын арми, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийнхэн, онцгой байдлынхан, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс, шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан, цагдаагийн албан хаагчид гээд олон мянган мөрдөстэй, эх орондоо тангараг өргөсөн хүмүүсийн баяр өнөөдөр тохиож байна.
 
Тангараг өргөхөд эх орон атгахан зүрхэнд багтдаг
 
Монгол цэрэг мянганаар тоологдох түүхтэй. Энэ түүхэндээ монгол цэргүүд, тангараг өргөсөн бүх хүн үүргээ гайхамшигтай биелүүлж ирсэн билээ.
Тангараг өргөнө гэдэг маш их утга учиртай. Цэргийн хүн байна гэдэг өөрөө маш их утга учиртай. Тангараг өргөснийхөө дараа цэргийн хүн бүхэн, тангараг өргөсөн хүн бүхэн нэг зүйлийг онцгой мэдэрдэг. Тангараг өргөнө гэдэг амь насаараа ч хамаагүй хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэг хүлээлээ гэсэн үг. Тэр үүргийг хэдийд ч өгсөн “Үгүй” гэж хэлэх эрх байхгүй. Хэрэв та “Үгүй” гэж хэлэх юм бол ямар үр дагавартайг өөрөө мэдэж байгаа. Тэгэхээр тэр үүргийг амиараа төлөөд хамгаалдаг ийм л үүрэгтэй хүмүүс. Хүний зүрх атгахан жижиг. Гэтэл тэр атгахан зүрх тангараг өргөсөн үед ямар том болдгийг манай цэргийнхэн бүгдээрээ мэднэ.
 
 “Эх орныхоо төлөө зүтгэнэ. Амь насаа зориулна. Тангарагтаа үнэнч байна” гэж тангараг өргөхөд эх орон атгахан зүрхэнд багтдаг юм. Нэгэнт ороод ирсэн эх орон дахиад зүрхнээс гардаггүй.
 
Цэргийн хүн өөр ажил хийж болно. Энгийн болж болно. Тэтгэвэрт гарч болно. Гэхдээ л тангараг өргөсөн бол тангараг өргөсөн. Үүнд тангаргийн учир утга, тангаргийн төлөө амьдрахын учир утга байдаг. Тангараг өргөнө гэдэг зөвхөн мөрдөс зүүж цэргийн алба хаана гэсэн үг биш. Зөвхөн офицер болно гэсэн үг биш. Энгийн, офицер цолтой маш олон хүн өнөөдөр Монголын төрийн хуулийг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Ерөөсөө төрийн хуулийг биелүүлнэ л гэсэн үг. Түүний үлгэр жишээг үзүүлнэ гэсэн үг.
Сайн төрийн эцэг бол шударга ёс гэж ярьдаг. Сайн төрийн эцэг бол хэлбэрэлтгүй хэрэгждэг хууль гэж ярьдаг.Түүнийг яг авч явж, хэрэгжүүлж байгаа хүмүүс бол цэргийнхэн, манай үүрэг хүлээсэн иргэд.
 
 
Монгол цэрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд
хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг биелүүлэх ёстой
 
Өнөөдөр Монгол төрийн бодлогын үр дүнд монгол цэрэг зөвхөн саяын ярьсан үүргийг биелүүлдэг биш дэлхийн халуун цэгүүдэд очиж үүргээ биелүүлдэг, тусалдаг боллоо. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс.Дэлхийд амьдарч байгаа долоон тэрбум хүн бол бүгдээрээ нэг гэр бүл.Тэд хар цагаан, өндөр нам, эр эм, өөр өөр ёс заншилтай нь хамаагүй.Бид дэлхий гэж нэг л гэртэй хүмүүс. Тийм учраас нэг хэсэгт нь ган гачиг, гай зовлон, хүндрэл тохиолдсон бол бид очиж туслах ёстой. Биднийг шилжилтийн хүнд үе туулж байхад дэлхийн хамтын нийгэмлэг тусалж байсан, одоо ч тусалж байгаа. Зөвхөн цэрэг очихыг тусламж гэхгүй.Энэ нь нэг л  хэлбэрийн үүрэг биелүүлж байгаа хэрэг.Санхүүгийн, мэргэжил, мэдлэгийн тусламж гэж бас бий. Монголын нэрийн өмнөөс бид НҮБ-ын индэр дээрээсч, энэ индэр дээрээс ч яриад зогсож байна. Хүн зөвхөн эх орондоо үүрэг биелүүлдэг юм биш.Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнднийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг биелүүлж тэдний тусын тулд зүтгэх ёстой. Ингэх нь Монголын ард түмний, Монгол төрийн, та бидний нэг хийх ёстой үүрэг.
 
Монголынхоо энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж буй тэр газар, халуун цэг дээр нь очих юмсан, цэрэг эрсээ  эргэнгээ нэг уулзах юмсан гэж би олон удаа бодож байсан. Тэгээд саяхан цагаан сарын дараахан Өмнөд Судан явсан.Бид дөрөв хоног явахдаа замдаа онгоц, нисдэг тэргэнд гурав хоногийг нь өнгөрөөсөн. Тийм хол газар Монголчууд очсон байгаа юм. Анх удаа Монголчууд 850-уулаа нэг батальон болж очсон байгаа юм. Үнэхээр хүнд хэцүү, амь сорьсон тийм газар манай энхийг сахиулагчид албаа хааж байлаа. 30 хэмийн хүйтэнд Монголоос гараад тэнд буухад 45 хэмийн халуун угтаж байв. Одоо 50 хэмийн халуунтай, борооны улирал эхэлж байгаа. Тэнд зүгээр нэг асар бариад амьдарч байгаа юм биш.Өдөр бүхэн амь өрссөн тийм хүнд нөхцөлд , Африкийн улаан шороогоор шуурсан тэр талд Монголчууд НҮБ-ын нэрийн өмнөөс энхийг сахиулж, орон сууц, дэд бүтэц гээд бүгдийг босголцож байна. Тэд бас эндээс зэвсэг техникээ ачиж аваад очдог.
 
 
Би Монголоороо, монгол цэрэг эрсээрээ үнэхээр бахархаж байна
 
 Африкийн тэр ялаа шумуултай халуундайл бүхэн зэвсэгтэй хэд гурван үнээ мал, янз бүрийн зүйлээс болоод хоорондоо тэмцэлдэнэ.Хэдэн үхрийн хулгайнаас болоод тосгоноороо хоорондоо буудалцан бүгдийг сүйтгэнэ.Ийм хүнд газар очоод ухуулаад, ярилцаад, энхийг тогтоон сахиулаад явах энэ ажил бол амар зүйл биш ээ.  Афганистан, Ирак, Чад гээд л бусад улс оронд байдал ямар хүнд байдгийг бид үүрэг гүйцэтгэсний хувьд бүгдээрээ мэднэ.
 
Би хувьдаа Монголоороо, цэрэг эрсээрээ үнэхээр бахархаж, баярлаж байгаа. Энэ бүхнийг би зөвхөн телевизээр харж мэдээгүй.Газар дээр нь очиж байдалтай танилцан цэргүүдтэйгээ хамт сууж хооллож, ярилцах зуур тэднийхээ саналсэтгэгдлийг сонсож байхад өнөөдөр Монгол Улсын зүгээс, Их Хурал, Засгийн газрын зүгээс бидэнд шийдмээр зүйл их байна.Ер нь асуудлаа бүрэн шийдсэн салбар гэж байхгүй.Гэхдээ бид өнөөдөр шийдэж болох бүх зүйлийг шийдэж байх хэрэгтэй. Манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага үүнийг анхаарч, асуудлаа Засгийн газарт уламжилж, улмаар УИХ-аар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бүх талаар анхаарлаа хандуулан ажиллана. Ямар асуудал байдгийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа.
 
Өмнөд Судан тусгаар тогтноод удаагүй улс шүү дээ. Шинээр айл гэр болоход хүртэл зовлон байхад улс гүрнийг байгуулах нь тийм амар ажил биш. Энэ улсад монгол цэргүүд очиж алба хаагаад ирсэнд би хувьдаа ихэд бахархаж байгаа. Тэр улсын ард иргэд, төр засаг ч гэсэн үнэхээр баярлаж, бахархаж байсан. Африк тивээс гадна өөр бусад улс орноос анхны зочин Ерөнхийлөгч болж ирсэнд баярлаж, бид цаашид та бүхнийг мартахгүй, хамтран ажиллана хэмээж байсан. Бид ч тэр улсыг мартахгүй. Хамтран ажиллах болно. Тэнд манай зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг нэг жилээр хязгаарлагдахгүй, наад зах нь арван жилээр тоологдохоор байгаа. Иймээс Монголын цэнхэр дуулгатнууд, энхийг сахиулагчид тэнд олон жилийн турш алба хааж, ард түмэнд нь дэмжлэг үзүүлнэ.
 
Аравт болж нэгдсэн монгол цэргүүд дэлхийг өөрчилж байсан түүхтэй
 
Би энд нэг зүйлийг онцлон хэлэх гэсэн юм. Монгол цэрэг бусад үндэстний цэргүүдээс юугаараа ялгарах ёстой вэ? Монгол цэргүүд зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Аравт болж нэгдсэн монгол цэргүүд дэлхийг өөрчилж байсан түүхтэй. Ингэхээр зохион байгуулалт, удирдах удирдуулах ёс, үүрэг биелүүлэх чадвар, сахилга батаараа монголчууд бусдаас ялгарах ёстой. Монгол цэргүүд бусдын адил хүн, бусад улс орны цэргүүдийн нэгэн адил бэлтгэл хийдэг.
 
Манай цэргийн багийнхан, түүний удирдлага, бие бүрэлдэхүүн эх орныхоо хилийн дээсийг алхсаны дараа үүнийг их сайн ойлгодог гэж итгэдэг. Та бүхэн тангараг нэгэнт өргөсөн учраас тэнд хүнд нөхцөл байдалд ажилладаг. Шантрах эрхгүй, шантрах ч ёсгүй. Алба үүргээ сайн биелүүлэхийн тулд мэдээж зохион байгуулалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадвар маш чухал.
Цэнхэр дуулгатнуудын нүдний ялгаа арилсан. Сонин хэвлэлээр гарсан та бүхний ярилцлага, мэдээ зэргийг хардаг. Монгол эх орон гэдгийн сайхныг хамгийн ойрхон мэдэрсэн хүмүүс бол та бүхэн юм. “Миний эх орон чинь ямар сайхан юм бэ? Монгол Улс минь ямар амгалан тайван юм бэ? Ажиллаж амьдрахад миний эх орон ямар сайхан боломжтой юм бэ? Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг чинь ямар агуу юм бэ? Монголчуудын түүхэн сонголт, зорьж төлөвлөж хийсэн алхмууд ямар зөв юм бэ?” гэж та бүхэн мэдэрсэн биз ээ.
 
Та бүхний бахархал Монголын бахархал болох учиртай
 
Олон хүн янз бүрийн зүйл ярьдаг байх. Гэхдээ энхийг сахиулагчдын үгийг сонсох хэрэгтэй. Энэ үүднээс энэ уулзалт ярилцлага болж байгаа юм. Намайг армид байлдагч байхад ахмад цолтой байсан Гэрэл гуай та бүхэнд их зүйлийг ярьж ойлгуулсан байх гэж бодож байна. Та бүхэн ч биелүүлсэн үүрэг, оролцсон үйл явдлынхаа талаар сэтгэгдлээ, эзэмшсэн эрдэм мэдлэгээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй. Зөвхөн өөрөө мэдээд, зөвхөн өөрөөрөө бахархаад суугаад байж болохгүй. Та бүхний бахархал Монголын бахархал болох учиртай. Тэгэхээр ингэж ажиллаж чадна гэдэгт би итгэж байна.
 
Өнөөдөр энд манай эр цэргүүдийн ар гэрийнхэн, аав ээж, ах дүү нар нь хүрэлцэн ирсэн явдалд би ихэд баярлаж байна. Цэрэгт хүүгээ үдэж мордуулна гэдэг амар ажил биш. Миний аав 1939-1940-өөд оны дайнд оролцож явсан. Манайх найман эрэгтэй хүүхэдтэй айл, би хамгийн отгон нь. Миний долоон ах цэргийн алба хаасан. Миний аав цэргийн албыг таван жил хаасан. Цэрэгт хүүгээ үдэж мордуулах, ар гэр нь болж үлдэхийн жаргал зовлонг сайн мэднэ.
 
Тиймээс миний амьдрал, баримталдаг зарчим цэргийн байгууллага, цэргийнхэнд ойрхон байдаг. Өнөөдрийн түвшинд ажиллаж, амьдрахад надад гурван зүйл тусалсны нэг нь цэргийн хүмүүжил гэж би боддог. Цэргийн хүмүүжилтэй хүн итгэл, найдвартай, хэлсэндээ хүрэхийн төлөө явдаг.
 
Манай ард иргэд цэрэг эрсдээ хамгаас их итгэдэг шүү дээ. Ер нь нэг жил болоход ялгараад ирдэг. Гудамжинд гүйж явсан жаахан хүүхдийг “Тэмүүжин өрлөг”-т аваачаад хоёр жилийн дараа авахад л шал өөр болдог. Монголчууд ингэж чанаржин чангарч, эх орон, хийсэн сонголтынхоо төлөө цаашид явах ёстой.
 
Би ийм сайхан хөвгүүд, охид төрүүлсэн эцэг эхчүүдэд, цэрэг цагдаа, тагнуул, аюулгүй байдлынхан, онцгой байдлынхан, хилийн цэрэг, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан, зэвсэгт хүчин, ардын арми гээд нийт цэргүүдийнхээ ар гэрт өнөөдөр Ерөнхийлөгчийн хувиар, цэрэг хүний хувиар цэрэг эрсийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлье.
 
Эр цэргээ хайрлана гэдэг эх орноо хайрлана гэсэн үг юм. Энэ үгийн цаана олон утга агуулагдаж байгаа. Би түрүүн хэлсэн энд нас, хүйс хамаагүй гэж. Тийм учраас нийт ард иргэддээ монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлж, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэн ерөөх ялдамд “Эр цэргээ хайрлаж яваарай гэж хэлье”.
 
Та бүхэнд их баярлалаа. 
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш