logo
Өнөөдөр онлайн хэлэлцүүлэг болно

Өнөөдөр онлайн хэлэлцүүлэг болно

2013/03/19

Хууль зүйн яамтай хамтран Азийн сан, Мерси кор олон улсын байгууллага болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ Захиргааны ерөнхий хуулийн онлайн хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд зохион байгуулна. Хэлэлцүүлэг Мерси кор олон улсын байгууллагын байранд болох бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн шүүх, прокурор болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хуульчид оролцож, Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаар санал солилцох юм.

Улсын Их Хурлаас 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, 2004 онд Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан боловч өнгөрсөн хугацаанд дээрхи хуулийг хэрэгжүүлэн ажиллахад захиргааны үйл ажиллагааг зохицуулсан ерөнхий хууль байхгүйгээс шүүхийн практикт хүндрэл бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй гарсан байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам дээрхи асуудлыг шийдэх үүднээс 2010 оны 12 дугаар сараас эхлэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж байсан ч 2012 оны 10 дугаар сард ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулсан юм.

Энэ хуулиар захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргадаг захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны гэрээтэй холбогдон үүсэх харилцааг хуульчилж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа болон тэдгээрийн хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш