Өнгөрсөн пүрэв гаригийн үдэш Селина Гомес, Вэнисса Хадгинс, Ашлей Бинсон болон Рэчил Корани нарын залуу жүжигчдийн тоглосон "Spring Breakers” кино Лос Анжелес хотноо албан ёсоор нээлтээ хийлээ. Хармони Корины найруулсан уг бүтээл нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд 69 дэх удаагийн Олон Улсын Венецийн Кино Наадмын “Алтан арслангийн” төлөө өрсөлдөж байсан юм. “Spring Breakers” кинонд Америк, Английн коллежийн охидын тухай өгүүлдэг бөгөөд уг киноны зураг авалт далайн эрэг дээрх наран шарлагын газар хийгдсэн бөгөөд охид ихэвчлэн усны хувцастай тогложээ. Охидууд амралтаараа муу зүйлд орооцолдож, хар тамхи, дээрмийн бүлэглэлүүдтэй холбогдож байгаагаар киноны үйл явдал өрнөдөг. Гомезын хувьд коллежийнхоо амралтаа өнгөрөөж байгаа 4 найз охины нэгнийх нь дүрд тоглосон бөгөөд энэ дүрээрээ Волт Диснейн цувралуудаар олонд танигдсан даруу, төлөв дүр төрхийг эвдэхийг оролдсон тухайгаа ярьж байлаа. Гомез хэлэхдээ “Кино яг ямар болсныг хэлж мэдэхгүй байна. Би сайн тоглох гэж байдаг чадлаараа хичээсэн. Илүү бүтээлч байж, өөрийгөө эвдэхийг маш их хүссэн” гэжээ. "Spring Breakers” кино энэ сарын 22-оос Хойд Америкийн кино театеруудын дэлгэцнээ гарч эхлэх юм байна.
Д.Амар
Д.Амар